АСТАНА, 2026 оны зургаадугаар сарын 16 /Kazonform/. Казахстаны нийслэл Астана хотноо чухал ашигт малтмалын асуудлаарх “C5+1” форматын уулзалт болжээ. Уг уулзалтыг Казахстаны Аж үйлдвэр, барилгын сайд Ерсайын Нагаспаев болон АНУ-ын Ерөнхийлөгчийн Өмнөд ба Төв Азийн асуудал эрхэлсэн тусгай элч Сержио Гор нар хамтран даргалсан тухай Казахстаны Аж үйлдвэр, барилгын яам мэдээлэв.
Хэлэлцүүлэгт Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистаны засгийн газрын төлөөлөгчид оролцсон байна. Талууд геологийн хайгуул, олборлолт, боловсруулалт, чухал ашигт малтмалыг дэлхийн зах зээлд нийлүүлэх чиглэл дэх Төв Азийн орнууд ба АНУ-ын хамтын ажиллагааны тэргүүлэх асуудлуудыг хэлэлцжээ. Энэхүү уулзалт нь “Astana Mining & Metallurgy” (AMM-2026) олон улсын уул уурхай, металлургийн 16 дугаар их хурлын өмнөх өдөр болсон байна.
Оролцогчид мөн “C5+1” форматын хүрээнд урт хугацааны хамтын ажиллагааны гол чиглэлүүдийг тодорхойлжээ. Тодруулбал, боловсруулалтын салбар дахь өндөр технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аж үйлдвэрийн кластерууд байгуулах, технологи дамжуулах, мэргэжилтэн бэлтгэх, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудал багтсан байна.
Түүнчлэн дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнийг найдвартай нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ложистикийн салбарын хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулжээ.
Уулзалтын төгсгөлд талууд олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан аж үйлдвэр болон дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх сонирхолтойгоо байгаагаа дахин нотолсон байна.
2015 онд байгуулагдсан “C5+1” формат нь Төв Азийн таван улс болон АНУ-ын хоорондын олон талын хамтын ажиллагааны механизм юм. Энэхүү яриа хэлэлцээний хүрээнд эдийн засгийн хөгжил, бүс нутгийн хамтын ажиллагаа, аюулгүй байдлын асуудлуудыг голлон хэлэлцдэг.