Эль-Ниньогийн улмаас эрдэнэшишийн үнэ огцом өсчээ

ВАШИНГТОН, 2026 оны наймдугаар сарын 26 /ANADOLU/. Чикагогийн таваарын биржийн арилжааны явцад эрдэнэшишийн үнэ 5.2425 доллар/бушель болж өссөнөөр сүүлийн гурван жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрлээ.

Ийнхүү өсөхөд Эль-Ниньо үзэгдэл, ган гачиг болон Орос-Украины дайн зэрэг геополитикийн хүчин зүйлс нөлөөлсөн байна. Хамгийн сүүлд 2023 оны долоодугаар сарын 31-нд эрдэнэшишийн үнэ нэг бушель нь  5.2450 долларт хүрч өсөж байсан юм. Долоодугаар сарын сүүлийн өдрүүдийнхтэй харьцуулахад эрдэнэшишийн үнэ 11 хувиар, 2025 оны эцэстэй харьцуулахад 17 хувиар тус тус өсчээ.  

Эрдэнэшиш тариалдаг АНУ-ын бүс нутгуудад болж буй ган гачиг, Европт цаг агаарын байдал таагүй байгаа, Украины нийлүүлэлт байнга тасалдаж байгаа зэргээс шалтгаалан дэлхий даяарх нийлүүлэлтэд саатал гарч болзошгүй байна. Мөн эрчим хүч болон бордооны үнэ өсөж байгаа нь нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлөх магадлалтай.  

Түүнчлэн зургаадугаар сараас хойш Эль-Ниньо үзэгдлийн нөлөө Өмнөд Америк, Зүүн Өмнөд Ази, Австрали, АНУ, Европт мэдрэгдэж байгаа бөгөөд энэ нөлөөлөл ирэх оны эхэн хүртэл хадгалагдах төлөвтэй байна.

Нөгөөтэйгүүр, нефтийн үнэ өсөж байгаа нь эрдэнэшишийн үнэд нөлөөлжээ. Газрын тосны үнэ өндөр байгаа учраас био түлш үйлдвэрлэхэд ашигладаг эрдэнэшишийн эрэлт нэмэгдэж байгаа юм. Дэлхий даяар тариалж буй эрдэнэшишийн 60 орчим хувийг аж үйлдвэрийн салбарт хэрэглэдэг ажээ.

Хэрвээ нефтийн үнэ хямдрахгүй бол, ойрын үед АНУ-Ираны хооронд тогтвортой гэрээ байгуулагдахгүй бол эрдэнэшишийн үнэ огцом буурах боломжгүй гэж түүхий эдийн зах зээлийн шинжээч Зафер Эргезен үзэж байна.   

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн