2026 оны зургаадугаар сарын 25 /Reuters/. Женевийн гудамжинд тэвчихийн аргагүй нар шарж байх үед 82 настай Даниэль Гильерон “Nord-Sud” кино театрын суудалд тухлан сууж, үнэ төлбөргүй кино үзэнгээ агааржуулагчтай сэрүүн орчинд саатахыг тэсэн ядан хүлээдэг болжээ.
Тэрбээр ахмад настнуудыг хэт халалтаас хамгаалах, амраах зорилгоор кино театрууд болон орон нутгийн эрх баригчдын хамтран хэрэгжүүлж буй өдрийн цагаар үнэ төлбөргүй кино үзүүлэх хөтөлбөрт хамрагдсан 65-аас дээш насны олон зуун хүний нэг юм.
Швейцарын Цаг уурын байгууллагаас мэдээлснээр, энэ долоо хоногт тус хотод агаарын температур 36 хэм хүрч халах төлөвтэй байна.
Энэхүү хөтөлбөрт гурван кино театр нэгдсэн бөгөөд пүрэв гаргаас хойш 650 орчим хүн хамрагдаад байгаа ажээ.
Европыг нөмрөөд буй аагим халуун агаарын урсгалын улмаас энэ оны зургаадугаар сар Швейцарын түүхэн дэх хамгийн халуун саруудын нэг болох төлөвтэй байна. Нам дор газруудаар өдөртөө 35 хэм хүрч халж байгаа бол зарим бүс нутгаар 36 хэмээс давж байна.