“Монголын хөрөнгийн бирж” ХК Чикагогийн түүхий эдийн бирж CME Group болон Сингапурт төвтэй PhillipCapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн цахим сургалт зохион байгуулна.
“Спот ба форвард арилжаанаас фьючерсийн зах зээлд шилжих нь” сэдэвт сургалт аравдугаар сарын 21–22-нд болно. Оролцогчдод үүсмэл санхүүгийн хэрэгслийн зах зээлийн бүтэц, үнэ тогтох механизм, клиринг, зохицуулалт болон эрсдэлийн удирдлагын олон улсын туршлагыг танилцуулах юм.
Эхний өдөр CME Group-ийн зах зээлийн бүтэц, цахим арилжаа, клиринг болон эрсдэлийн хяналтыг авч үзнэ. Хоёр дахь өдөр спот, форвард, фьючерс хэлцлийн ялгаа, үнийн эрсдэлийг удирдах арга, зэсийн фьючерс болон биет нийлүүлэлтийн тогтолцооны талаар мэдээлэл өгнө.
Монгол Улс нүүрс, зэс зэрэг түүхий эдийн томоохон экспортлогч тул дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзлийн эрсдэлийг бууруулахад фьючерсийн хэрэгсэл ач холбогдолтой гэж МХБ үзжээ.
Сургалт цахимаар, англи хэлээр монгол орчуулгатай явагдана. Аравдугаар сарын 21-нд 14:00–15:50, 22-нд 14:00–15:30 цагт зохион байгуулахаар товлосон байна.
