Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах, санал хүсэлтийг нь шууд сонсох, байгаль орчны салбарын бодлого, үйл ажиллагааг нээлттэй танилцуулах зорилготой “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг өнөөдөр зохион байгуулж байна.
Өдөрлөгийн нээлтэд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир оролцож, төрийн үйлчилгээ ил тод, ойлгомжтой, иргэдэд ойр байх ёстойг онцлон тэмдэглэв.
Тэрбээр нээлттэй хаалганы өдөрлөг нь зөвхөн мэдээлэл өгөх үйл ажиллагаа биш. Иргэдийн оролцоонд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлэх, төр иргэддээ нээлттэй байх бодит алхам юм. Монгол Улсын Засгийн газрын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгаль орчны салбарын зөвшөөрлийн тогтолцоог шинэчилж, 47 төрлийн зөвшөөрлийг 37 болгон бууруулах ажлыг эхлүүлсэн. Цаашид зөвшөөрлийг үе шаттай цөөлж, бүрэн цахимжуулах замаар иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо.
Мөн байгаль орчны хяналтыг зөвхөн торгох, үйл ажиллагаа зогсоох хэлбэрээс илүүтэй зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх тогтолцоо руу шилжүүлж, байгаль хамгаалалд иргэд, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх хүрээнд байгальд ээлтэй үйл ажиллагаа хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдэд татварын 1 хувийн хөнгөлөлт олгох механизмыг эхлүүлснийг тодотгов. Үргэлжлүүлэн Монгол Улсад зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын талуудын 17 дугаар Бага хурал (COP17)-ыг онцолж, энэ нь Монгол Улсын байгаль орчны бодлого, санаачилгыг дэлхийн түвшинд хүргэх, хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг татах чухал боломж болохыг тэмдэглэлээ. Түүнчлэн иргэдийг байгаль хамгаалах үйлсэд идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг уриалав.
