Чойр-Хөшигийн хөндий чиглэлийн авто замыг өргөтгөх төслийг хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байна

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Суурин төлөөлөгч Жахан Шамсиев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд Зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцсоныг ЗТЯ мэдээлэв.

Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай ЕСБХБ манай улсын хөгжлийн олон салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлээд, Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын төслийн ажил одоогоор 98.4 хувийн гүйцэтгэлтэй байгааг дуулгалаа. Тэрбээр “Энэ нь ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлж буй анхны томоохон төсөл юм. Харин одоо Чойр-Хөшигийн хөндий чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөж шинэчлэх төслийг хамтран хэрэгжүүлэхэд бэлэн болсон. Тус зам нь ачаа тээврийн эргэлт, бүсийн хөгжлийн шинэ гарцыг нээсэн стратегийн чухал ач холбогдолтой юм. Ялангуяа босоо тэнхлэгийн зам нь төмөр замын болон олон улсын чанартай авто замын хувьд Ази-Европыг холбосон эдийн засгийн коридор юм. Төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах судалгаа, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, цаашлаад санхүүжүүлэх талаар хамтран ажиллах саналтай байна” хэмээсэн байна. 

Харин ЕСБХБ-ны Суурин төлөөлөгч Жахан Шамсиев “Манай банк Чойр-Хөшигийн хөндий чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх ажлыг чухалчилж байгаа. Үүний дагуу бэлтгэлээ хангаж байна. Эхний ээлжинд төслийг эхлүүлэхийн тулд санхүүжилтийн үндсэн нөхцөлийг тусгасан “Мандатын бичиг”-т талууд гарын үсэг зурах шаардлагатай. Энэ бичгийг үзэглэвэл дараагийн ажилдаа ороход бэлэн байна” гэжээ.

“Мандатын бичиг”-т Зам, тээврийн сайд гарын үсэг зурсан бөгөөд Эдийн засгийн хөгжлийн яам руу холбогдох бичиг ирүүлээл байгаа аж. 

Уулзалтын төгсгөлд ЗТЯ-наас Увс аймгийн Улаангомоос Баруунтуруун сум чиглэлийн 164.5 км хатуу хүчилттай авто замын төслийг ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлэх тухай албан бичгийг ЭЗХЯ руу хүргүүлж байгаа. Энэ замын зураг төсөл хийгсэн бөгөөд ЕСБХБ -тай хамтран хэрэгжүүлэх саналыг дэмжихийг хүссэн байна. 

Суурин төлөөлөгч Жахан Шамсиев хариулахдаа “Бид шинэ төслийг хэрэгжүүлэхдээ таатай байх болно. Зураг төсөл нь хийгдсэн нь маш том давуу тал юм. Та бүхэн дотооддоо бүх хэлэлцээрээ жигдлээд ЕСБХБ руу албан хүсэлт явуулбал хамтран ажиллахдаа таатай байх болно” хэмээжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн