БНСУ-ын Засгийн газрын санхүүжилт, НҮБ-ын Олон улсын далайн байгууллагын зохицуулалтаар SMART-C LC/LP төсөл хэрэгжүүлж, Хөвсгөл нуурын бохирдол, хог хаягдал, нуурт живсэн техникийн байршлыг тогтоох судалгаа хийнэ.
Ингэхдээ Хөвсгөл нуурын ёроолын бүтцийг орчин үеийн өндөр нарийвчлалтай технологиор судалж, бохирдол, хог хаягдал болон нуурын ёроол дахь техник хэрэгслийн байршлыг тогтоох судалгааг 2024-2029 онд хийх юм.
Төсөл хэрэгжүүлснээр нуурын ёроолын тогтоц, усны эзлэхүүн, гүний талаар нарийвчилсан өгөгдөл бий болох, байгаль орчин, биологийн төрөл зүйл, экологийн төлөв байдалд үнэлгээ хийх, бохирдлын хяналт, мониторингийг сайжруулах, усан онгоц, завины хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах навигацын зураглал боловсруулах, усан замын дэд бүтэц, зогсоол, усан байгууламжийн төлөвлөлтөд шаардлагатай мэдээллийг бүрдүүлэх, нуурын ёроолд живсэн тээврийн хэрэгсэл, техник төхөөрөмжийн байршил, тоо хэмжээг тогтоох зэрэг ач холбогдолтойг Зам тээврийн яамнаас мэдээлэв.
Энэ судалгаанд зориулсан усан онгоцыг зөвхөн Монгол Улсын Далайн захиргаа ашиглахаас гадна холбогдох төрийн болон эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуультай хамтран ашиглаж, үндэсний судлаач, мэргэжилтнийг дадлагажуулан чадавхжуулах ач тустай юм.

Монгол Улсын Далайн захиргаа энэ төслийг 2023 онд санаачлан, олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр бэлтгэж, Хөвсгөл нуурын усны орчныг хамгаалах, судалгаа шинжилгээ, мониторингийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхийг зорьж байна. Иймд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй албаны хүмүүс НҮБ-ын харьяа Олон улсын далайн байгууллагын төсөл хэрэгжүүлэх төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Хөвсгөл нуурын экосистемд тулгамдаж буй асуудал, монголын байгаль орчны нөхцөл байдлын талаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Хөвсгөл нь Монгол Улсын гадаргын цэвэр усны нөөцийн 70 орчим хувийг бүрдүүлж, дэлхийн цэвэр усны нөөцийн 0.4–1 орчим хувийг дангаараа агуулдаг нуур юм. Нуурт 46 гол, горхи цутгадаг бол Эгийн гол эх авч урсдаг. Мөн 9 зүйлийн загас амьдардаг. Нуур орчмын бүс нутагт 290 гаруй зүйлийн ургамал, амьтан бүртгэгджээ.
Судлаачид Хөвсгөл нуурыг ойролцоогоор 2 сая гаруй жилийн настай гэж үздэг ажээ.