Улаанбаатар //. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Улсын хүүхэлдэйн театрт ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа, уран бүтээлчдийн нөхцөл байдалтай танилцлаа.
Хүүхэлдэйн театр нь хүүхэд багачуудад урлагийн гоо зүйн боловсрол олгох, хүүхдийн төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх, үлгэр домгийн ертөнцөөр аялуулах онцгой ач холбогдолтой байгууллага юм. Уулзалтын үеэр театрын удирдлагаас байгууллагын бүтэц, 1948 оноос хойш туурвисан 150 гаруй уран бүтээл, ЮНЕСКО-гийн Олон улсын хүүхэлдэйчдийн холбоо /UNIMA/-ны Монгол Улс дахь албан ёсны төлөөлөгчийн хувиар хэрэгжүүлж буй ажлыг танилцуулж, театрын шинэ барилгын хэрэгцээ шаардлага, жүжигчдийн ажлын ачаалал нэмэгдэж буй зэрэг тулгамдаж буй асуудлыг танилцуулав.

Сайд Ж.Алдаржавхлан театрын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүүхэд зөөх автобустай болгохоор шийдвэрлэж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, шинэ барилгын зардлыг 2027 оны төсөвт тусгах, театрыг төсвөөс хараат бус орлого бүрдүүлэх маркетинг, менежментэд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Мөн салбарын яамнаас театрын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, техник тоног төхөөрөмжийг шинэчлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллах талаар ССАЖЗЯ-наас мэдээлэв.


