Хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг идэвхжүүлэх шаардлагатайг тодотгов

 5Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Албанийн парламентын бүлгийн дарга Н.Наранбаатар Бүгд Найрамдах Албани Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Риза Подаг энэ сарын 3-нд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр парламентын бүлгийн дарга Н.Наранбаатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу 2024 оны ээлжит сонгуулиар Монгол Улсын Их Хурал анх удаа 126 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд Монгол-Албанийн парламентын бүлэг 10 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа талаар мэдээлэл өгөв. 

Мөн Албани Улс Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон 3 дахь улс болсонд талархалтай байдаг хэмээгээд цаашид хоёр улсын харилцааг эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, соёлын болон уул уурхайн салбарт өргөжүүлэх шаардлагатайг онцоллоо. 

Бүгд Найрамдах Албани Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Риза Пода ярианыхаа эхэнд хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг идэвхжүүлэх шаардлагатайг тодотгов. Энэ хүрээнд хоёр улсын парламентын бүлэг хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд өөрийн эрх мэдлийн хүрээнд хүчин чармайлт гаргаж, идэвхтэй ажиллахаа илэрхийлсэн юм. Түүнчлэн аялал жуулчлалын салбарын харилцааг шинэ шатанд гаргах нөөц боломж байгааг онцлоод, цаашид ажил хэрэг болгохын тулд талууд идэвхтэй хамтран ажиллах нь чухал хэмээлээ.

Бүгд Найрамдах Албани Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайд Риза Пода тус өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм гэж УИХ-ын  Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн