Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 21 //. Австрали улсад амьдарч байгаа монгол хүүхдүүдэд сайн дураараа 10 орчим жил эх хэл, соёлоо зааж байгаа Б.Отгончимэг багшийг Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа.
Австрали улсад 2014 онд Б.Отгончимэг багш очихдоо нэгэн зүйлийг анзаарсан байна. Анхаарахгүй орхиж болохгүй тэр зүйл бол эх хэл соёлоо аажмаар мартаж байгаа монгол хүүхдүүд байв. Тиймээс Австрали улсад суралцаж байгаа монгол хүүхдүүдэд эх хэлээ зааж эхэлсэн байна. Анх номын санд 4-5 хүүхэдтэй хичээллэдэг байсан бол өдгөө 10 жилийн дараа түүнийг зорин ирж монгол хэлээ сурах хүсэлтэй сурагчдын тоо нэмэгджээ.
Мөн тус улсад Б.Отгончимэг багштай адил өөрийн хүсэлтээр монгол хэлээ заадаг дөрвөн багш байдаг. Эдгээр багш нарт сургалтын материал болон нэгдсэн гарын авлага байгаагүй. Тиймээс Б.Отгончимэг багш сурагчдад зориулан өөрийн гэсэн сурах бичгийг хэвлүүлжээ. Харин 9 дүгээр сарын нэгнээс эхлэн хилийн чанадад суралцаж байгаа монгол хүүхэд бүр “medle” цахим платформоор дамжуулан эх хэлээ сурах боломжтой болж байгааг Боловсролын яамнаас мэдээлэв.
Түүнчлэн Б.Отгончимэг багштай адил гадаадад сайн дураараа монгол хэл, соёлоо зааж байгаа багш нарыг нэгдсэн хөтөлбөртэй болгож, сурах бичиг, хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангах аж. Монгол хүүхэд бүр хаана суралцаж байгаагаас үл хамааран чанартай боловсрол эзэмших учиртай. Хэл бичиг гэдэг тухайн улс, үндэстний хамгийн том өв учир эх хэлээ хэзээ ч орхигдуулах учиргүй гэдгийг эцэг, эхчүүд ч мөн санах нь чухал юм.
