Ф.Мерц Хятадад айлчилж байна

БЕРЛИН, 2026 оны хоёрдугаар сарын 25 /Kazinform/. Германы Канцлер Фридрих Мерц Хятад улсад хоёр өдрийн айлчлал хийхээр мягмар гарагт хүрэлцэн иржээ. 

Ф.Мерц үүрэгт ажилдаа орсноосоо хойш Хятадад анх удаа албан ёсоор айлчилж байгаа бөгөөд түүний энэ удаагийн айлчлал нь өмнөх айлчлалуудаас эрс ялгаатай гэж “Politico” сонины нийтлэлд дурдсан байна. Ангела Меркель дэлхий дахинд интеграцчлал ид өрнөж байсан үед Бээжинд олон тэрбумын гэрээнүүд байгуулдаг байсан бол Ф.Мерц одоо барууны орнуудын эрх баригчдын улс төрийн шахалт болон Германы аж үйлдвэрийн аварга компаниуд Хятадын нийлүүлэлтийн сүлжээнээс ихээхэн хамааралтай байгаа нөхцлийн хооронд тэнцвэрийг олох шаардлагатай болжээ.

Германы эдийн засгийн тулгуур болсон автомашины үйлдвэрлэл байр сууриа хурдтай алдсаар байгаа юм. Хятадын цахилгаан тээврийн хэрэгсэл, өндөр технологийн төхөөрөмж үйлдвэрлэгчид Германы ийм төрлийн бүтээгдэхүүнүүдийг дотоодын зах зээлээсээ шахаж гаргаад зогсохгүй Европын зах зээлд ч давамгайлж эхэлжээ.

2025 оны хамгийн сүүлийн мэдээллээр, Хятад улс дахин Германы гол худалдааны түнш болсноор АНУ-ыг ардаа орхисон байна. Гэсэн хэдий ч энэхүү тэргүүлэх байр суурийн бүтэц Берлиний хувьд санаа зовоож байгаа ажээ. Хятадтай хийж буй Германы худалдааны тэнцэл сөрөг үзүүлэлттэй гарсан байна.  

Герман улс “ногоон шилжилт”-ийн чухал бүрэлдэхүүн хэсгүүдийг Хятадаас (нарны зай хураагуур, лити батерей) Хятадаас импортолж байгаа нь Европын Холбооны эрчим хүчний аюулгүй байдлыг Бээжингээс хамааралтай болгож байгаа юм.

Бээжинд хийх уулзалтуудын үеэр Ф.Мерц “de-risking” (эрсдэлийг бууруулах) бодлогыг урагшлуулах төлөвтэй байна. Энэхүү стратегийн мөн чанар нь харилцаагаа бүрэн таслахгүйгээр нэг улсаас хараат байдлыг багасгах явдал юм. Volkswagen, BASF зэрэг Германы хамгийн том корпорацууд Хятадын үйлдвэрүүдэд олон тэрбумын хөрөнгө оруулсаар байгаа бөгөөд үүнийгээ худалдааны болзошгүй дайнаас өөрсдийгөө хамгаалахын тулд “бүтээгдэхүүнийг зарж борлуулдаг газарт нь үйлдвэрлэх хэрэгтэй” гэдэг зарчмаар ажиллаж байна хэмээн тайлбарлажээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн