АНУ-ын ерөнхийлөгч жилд нэг удаа улс орны нөхцөл байдлын талаарх илтгэлийг Конгресст танилцуулдаг уламжлалтай. Энэхүү илтгэлийг “State of the Union” гэж нэрлэдэг. Өнгөрсөн жилээ дүгнэж, өнөөгийн нөхцөл байдлыг мэдээлдэг уг илтгэлээ Дональд Трамп өнөөдөр танилцуулж байна.
Тэрбээр илтгэлээ танилцуулахаар цаг гаруйн өмнө Цагаан ордноос Капитол хиллд ирэв. Түүний засаг захиргаанаас дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэм, Батлан хамгаалахын сайд Пит Хегсэт нарын хүмүүс хүрэлцэн иржээ. Мөн Трампын гэр бүл, тэр дундаа таван хүүхэд нь тавуулаа хүрэлцэн ирсэн байна.

Ерөнхийлөгчийн үгийг сонсохоор хэдэн зуун хууль тогтоогч бүртгүүлсэн. Гэсэн ч эсэргүүцлээ илэрхийлэгсэд ч байгаа бөгөөд тэдний суудал илт хоосон харагдаж байна. Ойролцоогоор 50 орчим хууль тогтоогч ирэхгүй гэж үзэж байна.
Трамп “Манай улс үндэстэн урьд өмнөхөөс илүү сайжирч, илүү баяжиж, хүчирхэгжээд эргэн ирлээ” гэсэн үгээр илтгэлээ эхлэв.
Тэрбээр өөрийгөө өмнөх засаг захиргаанаас аймшигтай нөхцөл байдалд орсон улсыг хүлээж авсан гэлээ. Мөн “Нэг жил өнгөрөхөд манай засаг захиргаа өөр хэний ч урьд өмнө харж байгаагүй өөрчлөлтөд хүрлээ. Энэ бол түүхэн эргэлт. Эдийн засаг урьд хожид байгаагүйгээр өсч дэвжиж байна. АНУ-ын хил аюулгүй байна, дайснууд биднээс айж байна. Цэрэг, цагдаагийнхан хүчтэй байна. Америк өмнө нь хэзээ ч байгаагүйээр дахин хүндлэгдэж эхэллээ” гэв.
Харин цагаачлалын талаар ярихдаа “Хууль бус харь гаригийнхан сая саяараа манай хамгаалалтгүй, хязгаарлалтгүй хилээр нэвтэрсэн дөрвөн жилийн дараа бид одоо л Америкийн түүхэн дэх хамгийн хүчтэй, хамгийн аюулгүй хилтэй болж байна” гэсэн юм.
Трампын мэдэгдсэнээр нэг жилийн хугацаанд үхлийн аюултай фентанилын урсгал 56 хувиар буурч, дээд амжилт тогтоосон байна.
Үргэлжлүүлээд тэр эдийн засгийн ололт амжилтуудаа ярив. Ингэхдээ Жо Байден АНУ-ын инфляцийн түвшинг түүхэнд байгаагүйгээр дордуулсан гэх үгээ давтжээ. Тэрбээр “Гэхдээ бид 12 сарын дотор үндсэн инфляцийг хамгийн доод түвшинд хүртэл бууруулсан. Хувьцааны зах зээл сонгуулиас хойш 53 удаагийн дээд амжилт тогтоолоо. Мөн манай засаг захиргаа эхний жилдээ л 18 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт татаж чадлаа” гэв.
Түүний танилцуулгыг Ардчилсан намынхан ихэнх нь чимээгүй сонссон бол Бүгд найрамдах намынхан шүгэлдэж, алгаа ташицгаажээ. Мөн ерөнхий шүүгч Жон Робертс босч алга ташсан байна.
Харин Ардчилсан намын гишүүн Аль Грин Трампыг орж ирсэн цагаас хойш “Хар арьст хүмүүс бол сармагчин биш” гэсэн лоозон барьж зогсчээ. Энэ нь Барак Обамаг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан Трампын нийтлэлийг эсэргүүцэж буй үйлдэл юм. Эцэст нь тэр арга хэмжээг орхин гарч явжээ. Тэр өнгөрсөн жил ч бас Трампын үгийг тасалдуулж байсан удаатай.
