Францын шигшээ Норвегийн багийг хожиж, хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд шалгарлаа

ВАШИНГТОН, 2026 оны зургаадугаар сарын 27 /TASS/. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний (ДАШТ) хэсгийн шатны гуравдугаар тойргийн тоглолтод Францын шигшээ баг Норвегийн багийг 4:1-ийн харьцаагаар хожлоо. 

АНУ-ын Массачусетс муж улсын Фоксборо хотод тоглолтод Францын багаас Усман Дембеле (7, 20, 32 дахь минут) хет-трик хийж, Дезире Дуэ (90+4) нэг гол оруулжээ. Харин Норвегийн багаас Тело Осгор (21) цорын ганц голыг оруулсан байна. Тоглолтын 50 дахь минутад Францын хаалгач Майк Меньян Норвегийн довтлогч Йёрген Ларсены гүйцэтгэсэн 11 метрийн торгуулийн цохилтыг хааж чаджээ.

Францын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Дидье Дешам ээж нь таалал төгссөн учир нутаг буцсан тул уг тоглолтод оролцож чадаагүй байна. Энэ удаагийн тоглолтод Францын багийг Дешамын туслах Ги Стефан удирдсан байна. Тоглолт эхлэхийн өмнө Венесуэльд болсон газар хөдлөлтийн улмаас амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, нэг минут дуугүй зогсжээ.

Францын шигшээ баг 9 оноотойгоор I хэсгийг тэргүүлж, хэсгийн шатыг дуусгалаа. Норвегчууд 6 оноотойгоор хоёрдугаар байрт орсон байна. Францын шигшээ багийн 1/16 шигшээд өрсөлдөх баг удахгүй тодорно. Харин Норвегийн баг хасагдах шатны эхний тоглолтоо Кот-д’Ивуарын багтай хийх бөгөөд уг тоглолт зургаадугаар сарын 30-нд АНУ-ын Техас муж улсын Арлингтон хотод болно. Энэ өдрийн өөр нэгэн тоглолтод Сенегалын шигшээ баг Иракийн багийг 5:0-ийн харьцаагаар бут ниргэж, I хэсгийн гуравдугаар байрт бичигдсэн бөгөөд гурваар гарсан багуудын чансаагаар хасагдах шатанд шалгарах боломжоо хадгалж үлдлээ.

АНУ, Канад, Мексик улсуудад болж буй Хөл бөмбөгийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 баг оролцож байгаа билээ. Тэмцээний аварга долоодугаар сарын 19-нд тодорно. Хэсэг бүрээс эхний хоёр байрт орсон багууд болон гуравдугаар байр эзэлсэн шилдэг найман баг хасагдах шатанд шалгарах дүрэмтэй. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн