ЛОНДОН, 2026 оны долоодугаар сарын 30. /ТАСС/. ДАШТ-ий хагас шигшээ тоглолтод англичуудыг 2:1-ээр хожсоныхоо дараа Аргентины шигшээ багийн тоглогчид “Мальвины арлууд бол Аргентиных” гэсэн бичигтэй баннер барьж үзүүлсэнтэй холбогдуулан ФИФА-гаас Аргентины хөл бөмбөгийн холбооны эсрэг сахилга батын хэрэг үүсгэн шалгаж эхэллээ. Энэ тухай телевизийн Sky сувгийн сэтгүүлч Роб Харрис Х нийгмийн сүлжээний хуудсандаа бичжээ.
Мөн Аргентины шигшээ багийн Науэл Молина, Леандро Паредес, Тьяго Альмада нарт ФИФА-гаас сахилга батын хэрэг үүсгэсэн байна. Финалын тоглолт дууссаны дараа эдгээр гурван тоглогч зохисгүй зан авир гаргасан бөгөөд Паредес Испанийн хамгаалагч Эрик Гарсияг багалзуурдаж, дараа нь хагас хамгаалагч Гавиг түлхэж унагасан байна. Молина Испанийн хөлбөмбөгчин Родриг дэгээдэж унагахыг завджээ.
Мальвины (Фолклендийн) арлууд нь 2 том, 800 орчим жижиг арлаас бүрддэг, 12 мянга гаруй хавтгай дөрвөлжин км талбай бүхий бүлэг арлууд юм. Эдгээр арлын эзэмшихийн төлөөх маргаан Аргентин, Их Британийн хооронд 200 жилийн турш үргэлжилж байна. 1982 оны 4 дүгээр сард хоёр талын хооронд зэвсэгт мөргөлдөөн дэгдэж, хоёр сар хагасын турш үргэлжилсэн бөгөөд 649 цэргээ алдсан Аргентин ялагдсан байна. Английн тал 255 хүнээ алджээ.
Аргентин улс НҮБ-ын механизмуудыг ашиглан Их Британийн эзэмшлийн эрхийн асуудлаар маргаан үүсгэсэн боловч талууд зөвшилцөлд хүрч чадаагүй хэвээр байна.