, 2026 оны тавдугаар сарын 20УИХ-ын Инновац, цахим бодлогын хөгжлийн дэд хорооны энэ сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Ухаалаг засаг-2” төслийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонсов.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүнжав дэд хорооны хуралдаанд дараах мэдээллийг танилцуулав. “Ухаалаг засаг-2” төсөл 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2027 оны долоодугаар сарын 30-ны хугацаанд хэрэгжих юм. Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас санхүүжүүлж буй иргэд, аж ахуйн нэгжид үзүүлэх төрийн дижитал үйлчилгээний хэрэглээ, үр ашгийг сайжруулах, дижитал ур чадвар болон дижитал технологи суурьтай ажлын байрыг нэмэгдүүлэх зорилго бүхий энэхүү төслийн хэрэгжүүлэгч нь Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам юм. Төсөл дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд нэн тэргүүнд дижитал шилжилтийн таатай орчныг бүрдүүлэх, удаад нь дижитал засгийн шилжилтийг нэвтрүүлэх юм. Гурав дахь бүрэлдэхүүн хэсэг нь дижитал эдийн засгийн хөгжлийг дэмжих, дөрөв дэх нь төслийн удирдлага зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх хэмээн танилцууллаа.
Төслийн үр шим хүртэгч байгууллагуудаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Авлигатай тэмцэх газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг нэрлэв. Танилцуулгад дурдсанаар, төслийн хүрээнд 57 ажил төлөвлөсний 50 нь гэрээ байгуулах, 7 нь чадавхжуулах арга хэмжээ юм. Ажлын даалгавар, техникийн тодорхойлолтдоо Дэлхийн банкнаас зөвшөөрөл авсан 49 арга хэмжээ байгаа бол нэг арга хэмжээний техникийн даалгаврыг эцэслэхийг хүлээж байгаа гэв. Нийтдээ 41 худалдан авалт зохион байгуулж байгаа бол 29 гэрээ байгуулаад, 20 гэрээг хэрэгжүүлж дууссан байна. Нийт хэрэгжилт тоон үзүүлэлтээр 72.7 хувьтай байгаа хэмээн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Дижитал шилжилт, инновацын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Цэнгүүнжав танилцуулав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.