Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн сарын 21-нд өргөн мэдүүлсэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан танилцуулахдаа, “Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг орны нэг. Сүүлийн 80 гаруй жилд манай орны агаарын дундаж температур 2.5 хэмээр нэмэгдэж, ган, зуд, үер, шороон шуурга зэрэг гамшигт үзэгдлийн давтамж өслөө. 2023-2024 онд зудын улмаас 9.1 сая толгой мал хорогдож, эдийн засагт 2.8 их наяд төгрөгийн хохирол учирсан нь уур амьсгалын өөрчлөлт байгаль орчин, эдийн засаг, хүн амын амьжиргаа, үндэсний аюулгүй байдлын асуудал болсон”-ыг тэмдэглэв.

Монгол Улс НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц, Парисын хэлэлцээрийн хүрээнд олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоо хангах, ногоон шилжилтийг эрчимжүүлэх шаардлагатай байна. Гэвч уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой харилцааг өнөө хүртэл салангид бодлого, салбарын хуулиар зохицуулж, эрх зүйн орчин дутмаг байсан тул энэхүү төслийг боловсруулжээ. Хуулийн төсөл нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, даван туулах бодлого, үйл ажиллагааг нэгдсэн тогтолцоонд оруулах, хүлэмжийн хийн хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын тогтолцоо бүрдүүлэх, ногоон санхүүжилт, нүүрстөрөгчийн зах зээлийн эрх зүйн орчныг бий болгох зорилготой юм.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Түүнчлэн Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал буюу COP17-г Улаанбаатар хотноо наймдугаар сард зохион байгуулах гэж буй энэ цаг үед уур амьсгал, цөлжилт, газрын доройтол, тогтвортой хөгжлийн асуудлаарх манлайллаа бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ногоон хөрөнгө оруулалт татах эрх зүйн суурийг бүрдүүлэх ач холбогдолтойг С.Амарсайхан тодотголоо.

Төсөл санаачлагчид санхүүжилт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэх, карбон зах зээлийн эрх зүйн орчин бүрдэх, орон нутгийн дасан зохицох чадавх бэхжих, урт хугацааны тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх суурь нөхцөл бүрдэнэ гэж үзжээ. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн