Улаанбаатар, 2026 оны зургаадугаар сарын 8 //. Олон улсын итгэмжлэлийн өдрийг тохиолдуулан Үндэсний итгэмжлэлийн төвөөс “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг Барилгачдын талбайд өнөөдөр зохион байгуулж байна.
Өдөрлөгийн зорилго нь итгэмжлэгдсэн байгууллагуудын үйл ажиллагаа, тэдгээрийн нийгэм, эдийн засагт үзүүлдэг үр нөлөөний талаар иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэхэд чиглэж байгаа юм. “Инновац, итгэлцэл ба тогтвортой хөгжил-Итгэмжлэлийн хүч” уриан дор болж буй өдөрлөгт 30 орчим байгууллага оролцож үйл ажиллагаагаа танилцуулж байна.
Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Батдорж, “Үндэсний итгэмжлэлийн төвөөс итгэмжлэл авсан болон улсын хэмжээнд нийт 390 гаруй итгэмжлэгдсэн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллага нь олон улсын стандарт шаардлагын дагуу ажиллаж байгаагаа баталгаажуулсны үндсэн дээр итгэмжлэл авдаг. Иргэд, олон нийтэд итгэмжлэлийн ач холбогдлыг таниулан сурталчлах зорилгоор энэхүү өдөрлөгийг зохион байгуулж байна. Манай байгууллага олон улсын ISO стандартын шаардлагын хүрээнд итгэмжлэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Байгууллагууд тухайн стандартын шаардлагыг ханган ажиллаж байгаа эсэхийг үнэлж, техникийн хорооны шийдвэрийг үндэслэн итгэмжлэлийн гэрчилгээ олгодог.
Мөн бүтээгдэхүүний баталгаажуулалтын байгууллагууд нь шинээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээнд үнэлгээ хийж, шаардлага хангасан тохиолдолд баталгаажуулдаг. Ингэснээр тухайн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөөгүй болохыг баталгаажуулж, иргэд худалдан авалт хийхдээ итгэлтэй сонголт хийх боломж бүрддэг.
Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн худалдан авахдаа чанар, баталгаажуулалтын тэмдэгтэй эсэх, олон улсын болон үндэсний стандартын шаардлага хангасан эсэхийг анхаарч үзэх нь зүйтэй. Харин баталгаажуулалтгүй, гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүнээс аль болох зайлсхийх хэрэгтэй” гэв.
“Эс Эф Си Эс” команийн гүйцэтгэх захирал Г.Өнөржаргал, “Манай компани Монгол Улсад 12 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Баталгаажуулалтын байгууллагын хувьд менежментийн тогтолцоо, бүтээгдэхүүн болон үйл явцын баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлдэг.
Сүүлийн жилүүдэд Олон улсын органик үйлдвэрлэлийн холбоонд нэгдэж, органик бүтээгдэхүүний баталгаажуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлээд байна. Өнөөдрийн байдлаар Төв Азийн таван улсад органик бүтээгдэхүүний баталгаажуулалтын үйлчилгээ үзүүлж байна. Мөн “Торгоны замын энхийн элч” төрийн бус байгууллагатай хамтран Монгол Улс болон Төв Азийн таван орны үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг баталгаажуулж, БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Түүнчлэн Төв Азийн органик форумыг Монгол Улсад энэ оны 8 дугаар сарын 29-30-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Форумд Монгол Улс, Төв Азийн таван улс, түүнчлэн БНХАУ, БНСУ, Энэтхэг зэрэг орны төлөөлөгчид оролцож, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, худалдан авалт, зах зээлийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэнэ.
Бид Торгоны замын худалдааны сүлжээ болон бүс нутгийн хамтын ажиллагааны боломжийг ашиглан Монгол Улсыг холбох гүүр болгон хөгжүүлэх, оролцогч орнуудын бүтээгдэхүүнийг БНХАУ-ын зах зээлд хамтран нийлүүлэх зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна” гэв.
“Майт Эйч” компанийн технологич инженер Я.Баярмаа, “Манай компани ‘Эзэгтэй’ брэндийн ургамлын тос үйлдвэрлэгч үндэсний үйлдвэр юм. Бид 2025 онд чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандартын шаардлагыг хангаж, итгэмжлэл авсан. Ингэснээр бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүхий л үйл явц чанар, аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгааг баталгаажуулсан.
‘Эзэгтэй’ ургамлын тос нь Монгол Улсын хөрсөнд ургасан рапсыг боловсруулан үйлдвэрлэдэг, дотоодын түүхий эдэд суурилсан цэвэр бүтээгдэхүүн. Бусад ургамлын тостой харьцуулахад ханасан тосны агууламж бага, ханаагүй тосны хүчлүүдийн агууламж өндөр байдгаараа онцлогтой. Энэ нь хүний эрүүл мэнд, тэр дундаа зүрх, судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой учраас дээд зэрэглэлийн буюу премиум ангиллын бүтээгдэхүүнд тооцогддог. Сүүлийн хоёр жилийн хугацаанд бид бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хүрээнд хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нэвтрүүлээд байна. Үүнд ургамлын гаралтай төрөл бүрийн тосон бүтээгдэхүүн, ам зайлах бүтээгдэхүүн, Япон Улс руу экспортолж буй тусгай зориулалтын тос зэрэг багтаж байгаа юм. Мөн дотоодын хэрэглэгчдэд зориулсан ‘Эзэгтэй’ брэндийн шинэ төрлийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна. Түүнчлэн хүн амын эрүүл мэндийг дэмжих зорилгоор Д аминдэмээр баяжуулсан ургамлын тосны судалгаа, хөгжүүлэлтийн ажлыг хэрэгжүүлж байгаа. Энэхүү бүтээгдэхүүн нь хүн амын Д аминдэмийн дутагдлыг хүнсээр дамжуулан нөхөх зорилготой бөгөөд энэ оны сүүлээр зах зээлд нийлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна” гэв.
Өдөрлөгт итгэмжлэгдсэн байгууллагууд оролцож, үйл ажиллагаагаа танилцуулан зөвлөгөө, мэдээлэл хүргэхээс гадна Тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр худалдаалж байгаа аж.





