Улаанбаатар хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ нийгэмдээ үнэ цэн бүтээж, үлгэр дуурайл үзүүлж буй шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа.

НЗДТГ-аас жил бүр зохион байгуулдаг “Их хотын бүсгүйчүүд 2026“-гийн үеэр эрүүл мэнд, боловсрол, бизнес, хүмүүнлэг, спорт, соёл урлаг, үйлчилгээ, мөрдөстэй эмэгтэй, алдарт эх зэрэг есөн номинациар шилдэг эмэгтэйг шалгаруулж, урамшуулсан юм. 

-“Үйлчилгээний салбарын шилдэг” номинацид Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Ю.Жаргалсүрэн -“Бизнесийн салбарын шилдэг” номинацид “БОСА Кондитер” ХХК-ийн Монконди чихрийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал С.Ариунцэцэг

-“Боловсролын салбарын шилдэг” номинацид 246-р цэцэрлэгийн эрхлэгч Я.Саранчимэг

-“Хүмүүнлэгийн салбарын шилдэг” номинацид Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ-ын Ёслол, үйлчилгээний албаны дарга Б.Амгалан

-“Спортын салбарын шилдэг” номинацид МУГТ, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, жудо бөхийн тамирчин Л.Энхрийлэн

-“Соёл, урлагийн салбарын шилдэг” номинацид Ардын жүжигчин Ш.Чимидцэеэ

-“Эрүүл мэндийн салбарын шилдэг” номинацид “Өргөө” амаржих газрын эх баригч Б.Оюунчимэг

-“Алдарт эх” номинацид 12 хүүхэд төрүүлж өсгөсөн, өдгөө 88 настай буурал Я.Төмөр

-“Мөрдөстэй эмэгтэй” номинацид ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Д.Сэржмядаг шалгарсан байна. 

Улаанбаатар хотын шилдэг бүсгүйчүүдийг шалгарууллаа

Хүндэтгэлийн ёслолыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нээж хэлэхдээ, энэ жил бүсгүйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдийн бараа бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах тодорхой ажил хийж байгааг тэмдэглээд нийслэлээ өнгө үзэмжтэй, цэвэр цэмцгэр байлгахын төлөө ажиллах нэгнээс эхлээд эрүүл мэнд, боловсрол, бизнесийн салбар зэрэг салбарт хүчин зүтгэж буй бүсгүйчүүддээ эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.  

“Бизнесийн салбарын шилдэг” номинацийн эзэн, “БОСА Кондитер” ХХК-ийн Монконди чихрийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал С.Ариунцэцэг “Би үндэсний үйлдвэрлэлийн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна. Хийсэн, бүтээсэн зүйлээ сонсоход хамт олноороо бахархлаа. Бид импортын зах зээлийг дотоодын бүтээгдэхүүнээрээ орлож, үндэсний бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах хүсэл тэмүүлэлтэй. Энэ зорилгынхоо төлөө чармайлттай ажиллаж буй хамт олондоо баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

“Боловсролын салбарын шилдэг” номинацид шалгарсан, 246-р цэцэрлэгийн эрхлэгч Я.Саранчимэг “Би боловсролын салбарт 34 жил ажиллаж байна. Хотын бүтээн байгуулалт, хүүхэд, залууст хамгийн том хөрөнгө оруулдаг салбар бол боловсрол. Тэр дундаа сургуулийн өмнөх боловсрол чухал суурийг тавьдаг. Энэ их хөрөнгө оруулалтыг хийж буй бүсгүйчүүддээ баярын мэнд хүргэе” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн