Украинд олгох зээлд хориг тавихгүй гэдгээ П.Мажар мэдэгдэв

БУДАПЕШТ, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /DW/. Парламентын сонгуульд ялсан “Тиса” намын дарга Петер Мажар мэдэгдэхдээ, Европын Холбооноос /ЕХ/ Украинд олгох 90 тэрбум еврогийн зээлд Унгар улс хориг тавихгүй, гэхдээ уг мөнгийг бүрдүүлэхэд оролцохгүй гэдгийг хэллээ.

Украинд зээл олгох шийдвэрийг өнгөрсөн оны 12 дугаар сард гаргасан гэдгийг Мажар дурдаад “шинэ засгийн газар  хүлээсэн үүргээ тууштай биелүүлнэ” гэв.

Сонгуульд ялагдсан Унгарын Ерөнхий сайд В.Орбан өнгөрсөн оны эцсээр болсон ЕХ-ны дээд хэмжээний уулзалтын үеэр Украинд зээл олгохыг дэмжсэн боловч дараа нь энэ шийдвэрээсээ татгалзсан юм. Тэрбээр мэдэгдэхдээ “Оросын нефтийг Украинаар дамжуулан Унгарт хүргэдэг газрын тосны хоолойг засварлахгүй бол зээлд хориг тавина” гээд засварын ажлыг удаашруулж байгаа явдалд Киевийг буруутгасан байна.

Унгар улс зээл олгохыг зөвшөөрлөө ч гэсэн уг мөнгийг гаргахад оролцохгүй гэдгийг П.Мажар мэдэгдээд “манай улс хүнд байдалд байгаа, учир нь 2010 оноос хойш төсвийн алдагдал 3 дахин нэмэгдсэн” хэмээн  дурдлаа. Үүний сацуу ЕХ-ноос Унгарт тусламж болгон олгохоор шийдвэрлэсэн мөнгийг царцаасан байсныг ойрын үед чөлөөлнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна. П.Мажар албан тушаалдаа орсон даруйд Украинд олгох зээлийн асуудлыг шийдвэрлэхээр ЕХ ажиллаж байгаа ажээ.

Даваа гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр П.Мажар хэлэхдээ, Украиныг ЕХ-нд элсүүлэхийг дэмжиж байгаа боловч түргэвчилсэн байдлаар элсүүлэхийг таашаахгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн