УИХ-ын Тамгын газрын хамт олон мод тарилаа

 “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөний хүрээнд УИХ-ын Тамгын газрын хамт олны төлөөлөл өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.

УИХ-ын дарга С.Бямбацогт мод тарих ажлыг нээж хэлсэн үгэндээ байгаль дэлхийн цэвэр цэнгэг агаарын эх ундарга болсон ногоон байгууламжийг тэлж, нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх төв цэг болсон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээ өргөжүүлэх гэгээн, сайхан үйл хэрэгт нэгдэж буй хүн бүрд талархал дэвшүүлэв.

Тэрбээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Монгол Улсын иргэд өнөөдрийн байдлаар 137 сая мод тариад байгааг дурдан, суулгац суулгах нь мод тарих ажлын ердөө нэг хувь, арчилж ургуулах нь 99 хувь байдаг гээд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэдийн тарьсан модод 98 хувийн ургалттай байгааг дурдав.

Мөн тэрбээр ирэх наймдугаар сард тус хүрээлэнд болох Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-д дэлхийн 197 улсын олон зуун зочид цуглаж, бидний тарьсан моддын дунд хуралдан, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчин, эко системийг нөхөн сэргээх чухал асуудлыг хэлэлцэнэ гэдэг бахархал болох үйлс гэдгийг онцлон хэлсэн юм.

Мод тарих ажилд 80 гаруй албан хаагч оролцож, нарс, шинэс модны 100 суулгац суулгалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

УИХ-ын Тамгын газрын хамт олон мод тарилаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн