Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд “Байгалиа хамгаалж, ирээдүйдээ өвлүүлье” уриан дор “Газрын доройтлыг багасгах шийдэл: Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого, менежмент, санхүүжилт” салбар хуралдаан боллоо.
БОУАӨЯ, Дэ Нэйче Консерванси байгууллага, Монголын Байгалийн Өв Сан, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран зохион байгуулж буй тус хуралдаанд төрийн байгууллагын дээд түвшний төлөөлөл, байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг үндэсний болон олон улсын, санхүүгийн байгууллага, хөгжлийн түнш, хувийн хэвшил, салбарын мэргэжилтнүүд оролцож, Монгол Улсын ТХГН-ийн бодлогын нөхцөл байдал, урт хугацааны алсын хараа, стратегийн тэргүүлэх чиглэлийн тухай санал солилцов. Мөн ТХГН-ийн сүлжээг шинжлэх ухааны үндэслэлтэй өргөжүүлэх, менежментийг сайжруулах, хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, урт хугацааны тогтвортой санхүүжилтийг бүрдүүлэх, төр, иргэний нийгэм, хувийн хэвшил, олон улсын түншийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ.
Энэ үеэр ТХГН-ийг газрын доройтол, цөлжилтийг багасгах, биологийн олон янз байдал, экосистемийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах урт хугацааны бодлогын хэрэгсэл болгон авч үзэж байв. Хэлэлцүүлгээр дамжуулан үр дүнтэй хамгаалах хууль эрх зүй, бодлого, засаглал, менежмент, тогтвортой санхүүжилтийн шийдлийг ярилцлаа. Бодлогоос бодит үр дүнд хүрэх, хамтын ажиллагааны боломжийг тодорхойлохыг зорьж, төр, орон нутаг, нутгийн иргэд, хувийн хэвшил, санхүүгийн байгууллага, олон улсын түншийн хамтын ажиллагааг хэрхэн бэхжүүлэх талаар санал солилцов.
Хуралдааны эхний хэсэгт ТХГН-ийн тухай хуулийн шинэчлэл, үндэсний сүлжээний хөгжил, стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний баримт бичгийн ач холбогдол, экологийн ач холбогдолтой газар нутгийг тодорхойлох шинжлэх ухааны судалгаа, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах, менежмент, санхүүжилтийн нөхцөл, шийдлийг танилцууллаа. Дэ Нэйче Консервансийн тэргүүлэх судлаач Жо Кайсекер экологийн ач холбогдол бүхий газар нутгийн үнэлгээ, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах тухай илтгэл тавив.
Харин дараагийн хэсэгт бодлого тодорхойлогч, салбарын гол төлөөллөөс бүрдсэн дээд түвшний хэлэлцүүлэг өрнүүлж, ТХГН-ийн хамгаалалтыг бэхжүүлэх бодлого, хууль эрх зүйн шинэчлэл, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр, үр дүнд суурилсан менежмент, тогтвортой санхүүжилт, нутгийн иргэдийн оролцоо, талуудын үүрэг хариуцлагыг хэлэлцэв. Энэ нь ТХГН-ийн хэмжээг нэмэхээс гадна хамгаалах чанар, бодит үр дүн, санхүүжилтийн тогтвортой байдлыг хэрхэн сайжруулахыг нэг дор авч үзсэнээрээ онцлог байлаа.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, “ТХГН-ийг чанд хамгаалах шаардлагатай ч хэдэн зуун жил амьдарч ирсэн нутгийн иргэд газрын хөрс, бэлчээрээ хамгаалахдаа хэдийд хаашаа нүүх, байгальтай хэрхэн зөв харьцаж нөхөн сэргээхээ мэддэг. Ийнхүү малчид экологийн тогтолцооны нэг хэсэг нь учир ТХГН-ийн тогтолцоог тэдний оролцоотой өөрчлөх нь зөв. Өнөө цагт байгалийг хамгаалахаас гадна тухайн орчин, биологийн олон янз байдал, хүн, амьтан зэрэг зохилдлогоор авч үзэж, төр дангаар бус хамтдаа хамгаалах нь чухал байна. Эрүүл экоситемийг доройтуулахгүй хамгаалах нь илүү үр дүн, ач холбогдолтой. Гэхдээ нутгийн иргэдэд бүгдийг зөвшөөрнө гэсэн үг биш. Тухайлбал, ховор ан амьтан, ургамал бүхий зарим газарт хүний үйл ажиллагааг хатуу хориглох ёстой. Бусад газарт улиралдаа зохицож бэлчээрээ хамгаалах уламжлал хэрэгтэй. Газар бүр ган, зуд өөр байдаг. Өвөлжөө, хаваржаа гэхчлэх бэлчээрээ нүүдлээр зохицуулж нөөцөлдөг. Техник технологи, газрын бүтээмж өөрчлөгдөж буй энэ үед тогтвортой шийдэл биш ч ТХГН-ийн төлөвлөлтөд малчдын уламжлалт улирлын хөдөлгөөнийг харгалзан үзэж, бэлчээр сэлгээний хувьд малчдын мэдлэг, мониторинг судалгааг хамтад нь анхаарч үзэх нь зүйтэй” хэмээв.
БОУАӨЯ-ны ТНБД Ш.Батбаяр, “Манай улс ТХГН-ийн тогтолцоог хөгжүүлэх түүхэн уламжлалтай. Дэлхий нийт 2030 он гэхэд хуурай газар, далай, тэнгисийн 30 хувийг үр дүнтэй хамгаалах зорилт дэвшүүлсэн. Монгол Улс энэ зорилтыг хэрэгжүүлэхдээ зөвхөн хамгаалалттай газар нутгийн тоон үзүүлэлтийг нэмэх бус чанар, үр нөлөө, менежментийн чадавх, санхүүжилтийн тогтвортой байдал, нутгийн иргэдийн оролцоо, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргахад анхаарна. БОУАӨЯ ТХГН-ийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож байна. Одоо хэлэлцэгдэж буй ТХГН-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь хамгаалалтын үр нөлөөг дээшлүүлэх, хамтын менежментийн тогтолцоог хөгжүүлэх, санхүүжилтийн тогтвортой механизмыг бүрдүүлэх, нутгийн иргэд, бусад оролцогч талын оролцоо, хариуцлагыг нэмэх ач холбогдолтой. Энэ бол хууль эрх зүйн шинэчлэлээс гадна хамгааллын тогтолцоог үр дүнтэй, хамтын оролцоотой, санхүүжилттэй болгох бодлогын шинэчлэл юм. Та бүхний хамтын ажиллагаа, мэдлэг, туршлага, хөрөнгө оруулалт нь Монголд байгаль хамгаалах үр дүнг бий болгох, газрын доройтлыг багасгах, экосистемийн тогтвортой байдлыг хангахад хувь нэмэр оруулж, улс орон, байгууллага бүр туршлага, сайн жишээ, шийдлээ хуваалцаж, 30×30 зорилтыг үр дүнгээр хэмжих байгаль хамгааллын шинэ үеийн зорилт болгох бодлогын шийдлийг хамтдаа тодорхойлно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
Мөн энэ үеэр Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалттай газрын дарга Д.Ариунцэцэг Ганга нуурыг нөхөн сэргээх томоохон ажил амжилттай болсон тухай ярьсан юм.
ТХГН-ийн Бодлогын газрын дарга Ц.Уранчимэг энэ үеэр, ТХГН-ийн сүлжээг нэмж менежментийг сайжруулахад олон төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлдэг түншүүд маань СОР17-д ирээд байна. ТХГН-ийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьж буй чухал цаг үе давхцаж байна. Олон улсын түнштэйгээ ТХГН-ийн сүлжээг нэмэх, өргөжүүлэх, менежментийг сайжруулах олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Олон улс болон ЮНЕСКО-гийн гэрээ конвенцод хүлээсэн үүргүүдээ эрх зүйн баримт бичигт яаж тусгаж байгаа. Цаашид энэ талаар хэрхэн хамтарч ажиллах, түншүүдийн санхүүжилт боломжийг ярилцаж, олон удаагийн хэлэлцүүлэг хийсний дүнд төслүүдийг эхлүүлэх юм” хэмээв.
Монгол Улс 1994 онд ТХГН-ийн тухай анхны хуулиа баталж, 1997 онд орчны бүсийн эрх зүйн зохицуулалтыг бий болгожээ. Өнгөрсөн 32 жилд хуульд 17 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч үндсэн агуулга, тогтолцоо нь төдийлөн өөрчлөгдөөгүй.
Одоогоор улсын тусгай хамгаалалтад 120 газар, нийт 32.8 сая га буюу Монгол Улсын нутаг дэвсгэрийн 20.8 хувь хамрагдаж байна. Харин 2030 он гэхэд 30 хувь, 2050 он гэхэд 35 хувьд хүргэхийг зорьж байгаа.