“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн хүрээнд 16 хамгаалалтын захиргаанд грант олголоо

Монголын Байгалийн Өв Сангаас Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын менежментийг бэхжүүлэх, урт хугацааны чадавхыг нэмэгдүүлэх, жишиг ТХГН-ийг хөгжүүлэх зорилготой “Тусгай хамгаалах газар нутгийн хурдасгуур” цогц хөтөлбөрийг өнөөдрөөс албан ёсоор эхлүүллээ.

Тус хөтөлбөр нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэ Нэйче Консерванси, Монголын Байгалийн Өв Сангийн хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа юм. Хөтөлбөрийн хүрээнд нийт 16.5 тэрбум хүртэлх төгрөгийн грантын санхүүжилт олгох бөгөөд нэг хамгаалалтын захиргаа 0.5-3.0 тэрбум хүртэлх төгрөгийн грант санхүүжилтийн дэмжлэг авах боломжтой ажээ. Түүнчлэн техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ, чадавх бэхжүүлэх сургалт зохион байгуулахаас гадна бэлэн байдлын болон менежмент сайжруулах гэсэн хоёр үе шаттай хэрэгжих юм байна. Энэхүү хөтөлбөрт 40 хамгаалалтын захиргаанаас 36 нь грантын санал ирүүлсэн бөгөөд 16-г нь сонгон шалгаруулж, тэд Монгол орны бүх экологийн бүс бүслүүр, ТХГН-ийн бүх ангиллыг төлөөлж буйгаараа онцлогтой. Хөтөлбөрт шалгарсан 16 захиргааны хамгаалж буй газар нутаг нь улсын нийт тусгай хамгаалалттай талбайн 42 хувийг хамардаг аж. Мөн улсын хэмжээнд ажиллаж буй 800 орчим байгаль хамгаалагчийн 50 хувь нь хөтөлбөрт хамрагдана. Хөтөлбөрийн онцлох хэсэг нь хамгаалалтын захиргаадын урт хугацааны менежментийг дэмжих шаталсан санхүүжилтийн механизм байх юм.

“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн хүрээнд 16 хамгаалалтын захиргаанд грант олголоо

“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн хүрээнд 16 хамгаалалтын захиргаанд грант олголоо

“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн хүрээнд 16 хамгаалалтын захиргаанд грант олголоо

“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн хүрээнд 16 хамгаалалтын захиргаанд грант олголоо

“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн хүрээнд 16 хамгаалалтын захиргаанд грант олголоо

Монголын Байгалийн Өв Сангийн гүйцэтгэх захирал Э.Номиндарь “Энэхүү хөтөлбөрийн санхүүжилт нь зөвхөн грантаар хязгаарлагдахгүй бөгөөд техникийн туслалцаа, чадавх бэхжүүлэх сургалт, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ зэрэг цогц дэмжлэгийг хамарна. Цаашлаад орон нутгийн хамгаалалттай газрууд, байгалийн нөөцийн хамтын менежментийг дэмжих грантууд, малчны ногоон шилжилтийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээрээ онцлогтой. Мөн хамгаалалтын захиргаадын менежментийг олон улсын жишигт нийцүүлэх зорилготой. Хөтөлбөрт хамрагдсан хамгаалалтын захиргаад Олон улсын байгаль хамгаалах холбооны Ногоон жагсаалтын шалгуур болон Менежментийн үр ашигт байдлыг үнэлэх аргачлалд тулгуурлан өөрсдийн менежментийн үнэлгээг жил бүр хийх бөгөөд  манлайлал, тогтвортой аялал жуулчлал, газар зохион байгуулалт зэрэг цуврал сэдэвчилсэн сургалтад хамрагдана. Үүнээс гадна гадаадын сайн туршлага судлах аялал, хамгаалалтын захиргаад хоорондын туршлага солилцох улирал тутмын уулзалт, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх зэргийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” хэмээн ярилаа.

“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн хүрээнд 16 хамгаалалтын захиргаанд грант олголоо

Тэгвэл Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ТХГН-ийн Бодлогын газрын дарга Ц.Уранчимэг “Энэ хөтөлбөр нь Монгол орны дахин давтагдашгүй байгалийн өвийг хамгаалах менежментийн шинэ жишгийг бий болгож, хамгаалалтын үр нөлөөг бодитоор нэмэгдүүлэх, цаашлаад сайн жишиг бүхий хамгаалалтын захиргаадыг хөгжүүлэх урт хугацааны тогтвортой үйл ажиллагааны эхлэл болно” хэмээн онцоллоо.

Хэн, юу хэлэв?


“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн хүрээнд 16 хамгаалалтын захиргаанд грант олголоо

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяанд өнөөдрийн байдлаар тусгай хамгаалалттай газар нутгийн 42 захиргаа үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нь Монгол Улсын нийт газар нутгийн 20.8 хувь буюу 34 сая га талбайг хамгаалалтад авч ажиллаж байгаа юм. Энэ хөтөлбөрийн хүрээнд тодорхой шалгуур хангасан, цаашид үр дүнтэй ажиллах чадавхтай, бие даасан байдлаа бэхжүүлэх боломжтой 16 тусгай хамгаалалттай газрын захиргааг сонгон хамруулж байна. Хөтөлбөрийн гол зорилго нь тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадын бие даасан байдлыг хангах, менежмент, үйл ажиллагааны чадавхыг сайжруулах, мөн орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэж байгаа. Өнөөдрийн байдлаар зөвхөн эдгээр газар нутагт 24 мянга орчим малчин амьдарч, ажиллаж байна. Тиймээс тэдний оролцоог хангаж, байгаль хамгааллыг нутгийн иргэдтэй хамтран хэрэгжүүлэх нь чухал ач холбогдолтой. Энэхүү хурдасгуур хөтөлбөрт хамрагдсанаар тусгай хамгаалалттай газрын захиргаад техникийн, бодлогын болон санхүүгийн дэмжлэг туслалцаа авч, цаашдаа бие даан үйл ажиллагаа явуулах чадамжтай болно. Ихэнх захиргаа төсөв, санхүү, техник хэрэгсэл, материаллаг баазын хомсдолтой нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс цаашид эдгээр захиргааг аялал жуулчлалын орлогоос тодорхой хэмжээний санхүүжилт босгодог, өөрсдийн үйл ажиллагаагаа тогтвортой авч явдаг жишиг байгууллага болгох хэрэгцээ шаардлага бий. Зөвхөн хамгаалалт хийхээс гадна байгалийн нөөцөө зөв менежментээр эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй тайлагнаж сурталчлах боломж, орон зай ч мөн бий. Иймээс өнөөдөр эхэлж буй энэхүү хөтөлбөр нь тусгай хамгаалалттай газрын захиргаадын бие даасан байдлыг хангах үндсэн зорилготойгоор хэрэгжиж байна. Хөтөлбөр дөрвөн жилийн хугацаанд хэрэгжинэ. Энэ хугацаанд хамрагдсан 16 тусгай хамгаалалттай газрын захиргаа бие даан үйл ажиллагаа явуулах чадавхтай болж, шаардлагатай сургалт, менежментийн дэмжлэг, техник тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдана. Хөтөлбөрийн хүрээнд нийт 15 орчим тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөсөн нь томоохон ач холбогдолтой юм. Үүний зэрэгцээ Монгол Улс Парисын хэлэлцээрийн хүрээнд 2030 он гэхэд нийт газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалттай газар нутагт хамруулна гэсэн зорилт тавьсан. Энэхүү хөтөлбөр нь уг зорилтыг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна. Нөгөө талаар УИХ дээр Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж, эцэслэн хэлэлцэх шатандаа явж байна. Энэхүү хөтөлбөрийн үзэл баримтлал нь шинэчилсэн хуулийн агуулгатай бүрэн нийцэж байгаа.

“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн хүрээнд 16 хамгаалалтын захиргаанд грант олголоо

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Бид тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, бүсчлэлийг маш сайн харах шаардлагатай байна. Өнөөдрийн нөхцөл байдлыг авч үзвэл, нэгэнт бий болсон хот суурин газартай холбоотой асуудлуудыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байна.Улсын Их Хурлын даргын 523 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг миний бие ахалдаг. Энэ хүрээнд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд шинэчилсэн найруулга хийж байгаа бөгөөд нийт агуулгынх нь 65 орчим хувьд өөрчлөлт оруулж байна. Тухайлбал, Богдхан уулын бүсэд байрлаж буй хот суурин газруудын менежментийн эрхийг Засгийн газарт шилжүүлэх асуудлыг шийдвэрлэж байна. Өнөөдөр малчид ахуйн наад захын хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй, хашаа хороо, орон байраа ч сайжруулах боломж муутай байгаа. Тиймээс энэ хэрэгцээг бодлогоор дэмжих зохицуулалтуудыг мөн тусгаж байна. Түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутгийн ойн сан маш өндөр нөөцтэй байдаг. Гэвч “хамгаалалттай” гэсэн шалтгаанаар зарим тохиолдолд ойн санд хүрч ажиллах боломж хязгаарлагддаг байсан. Харин өнөөдөр байгаль орчин өөрөө хүний оролцоо, менежмент шаарддаг болсон цаг үед бид ойн санд хэрхэн зөв менежмент хийх вэ гэдэг асуудалд анхаарч байна. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн тогтвортой санхүүжилтийн механизмыг дэмжих санг албан ёсоор байгуулна. Үүнд нэвтрэх хураамжтай холбоотой зохицуулалт, олон улсын карбон кредит, карбон зах зээлтэй холбоотой эрх зүйн харилцааг ч мөн шийдвэрлэж байгаа. Тусгай хамгаалалттай газар нутгаас орж буй орлого тухайн хамгаалалтын захиргаандаа төвлөрч, түүнийг өөрсдөө бүрэн эрхийн хүрээнд зарцуулдаг тогтолцоог бий болгож байгаа. Энэ мэтчилэн маш олон шинэчлэл, өөрчлөлтийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгаж байгааг онцлон хэлэхийг хүсэж байна.

“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн хүрээнд 16 хамгаалалтын захиргаанд грант олголоо

Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн дарга М.Болд: “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр 2024 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд нийт гурван үндсэн зорилттой. Үүний эхний зорилт нь тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн чадавхыг сайжруулж, үр дүнд суурилсан тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байгаа юм.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд сонгон шалгаруулсан 16 тусгай хамгаалалттай газарт батламж гардуулах ёслол боллоо. Хөтөлбөрийн хоёр дахь зорилт нь нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөц ашиглалтын менежментийг сайжруулахад чиглэдэг. Энэ хүрээнд орчны бүсэд амьдарч буй малчин өрх, иргэдийг байгаль хамгааллын үйл ажиллагаанд татан оролцуулж, харилцан үр ашигтай хамтын ажиллагааг бий болгох зорилготой. Харин гурав дахь нь 2030 он гэхэд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 30 хувийг тусгай хамгаалалттай газар нутагт хамруулахад дэмжлэг үзүүлэх юм. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд “Монголын байгалийн өв сан” нэртэй байгаль орчны салбарын анхны санхүүгийн байгууллагыг байгуулсан. Тус байгууллага нь ашгийн бус, бие даасан, хараат бус удирдлагатайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улсын байгаль хамгааллын бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхэд нягт уялдаатай ажиллах зорилготой. Мөн дотоод, гадаад эх үүсвэрээс санхүүжилт татан төвлөрүүлж, байгаль орчны салбарт тогтвортой санхүүжилтийн тогтолцоог бий болгохыг зорин ажиллаж байна.

“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн хүрээнд 16 хамгаалалтын захиргаанд грант олголоо

Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Ж.Төмөрсүх: Тусгай хамгаалалттай газрын хурдасгуур нь тусгай хамгаалалттай газрын хамт олныг идэвхжүүлж, манлайллыг нь дэмжсэн өвөрмөц шинэ арга барилтай хөтөлбөр юм. Үүнд хамрагдсанаар орон нутгийн хувьд газар нутгаа тодорхой түвшинд хүргэн хөгжүүлэхэд томоохон түлхэц болж байгаа учраас бид анхан шатандаа шалгарсандаа баяртай байна.Учир нь “тусгай хамгаалалттай газрын хурдасгуур” гэдэг нь тусгай хамгаалалттай газрын менежмент, тогтвортой байдлыг илүү хурдацтай, үр дүнтэй хэрэгжүүлье гэсэн санаа юм. Энэ зорилгыг хэрэгжүүлэхэд Олон Улсын Байгаль Хамгаалах Сан болон Монголын Өв Сангаас бидэнд бүх талаар дэмжлэг үзүүлж байгаа. Бидний хувьд Монголын байгалийн өв болсон онгон дагшин Улаан тайга, Сарьдгийн нурууны биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Хөвсгөлийн их тайгын биологийн олон янз байдал, тэр дундаа нэн ховор, ховордсон амьтдыг хамгаалан, тоо толгойг нь өсгөх нь бидний гол зорилгын нэг. Энэ хөтөлбөрт хамрагдсан хамгийн том зорилго маань байгалийн зэрлэг амьтдын “диваажин” болсон орчныг бүрдүүлэх юм. Цаашид Хөвсгөл аймгийн тусгай хамгаалалттай газруудад ан амьтдын тоо толгой мэдэгдэхүйц өссөн нь ажиглагдаж байна. Жишээлбэл, хамгийн их өсөлттэй байгаа амьтдын нэг нь хандгай. Дархадын хотгор, Хорьдол Сарьдгийн нуруу, Улаан тайгын бүсэд 14-15 жилийн өмнө хандгайн ул мөр бараг үзэгдэхээ больсон байсан. Харин өнөөдөр Улаануул сум, Хорьдол Сарьдгийн ойгоор зорчиж буй нутгийн иргэд болон аялагчид бараг өдөр бүр хандгайтай тааралддаг болжээ. Энэ жилийн тооллогоор зөвхөн 160-170 км орчим нутаг дэвсгэрт 80 гаруй хандгай тоолсон. Мөн хүрэн баавгай, янгир ямааны тоо толгой ч өссөн. Идэш тэжээлийн амьтдын тоо нэмэгдсэнээр цоохор ирвэс дахин нутагших нөхцөл бүрджээ. Камерын судалгаагаар эдгээр гурван бүсэд цоохор ирвэс байгааг тогтоосон. Өөрөөр хэлбэл, сүүлийн 50 жилийн хугацаанд Хөвсгөл орчимд оршин байгаа нь тодорхойгүй байсан цоохор ирвэсийг камерын судалгаагаар баталгаажуулж, гурван бодгаль бүртгэсэн нь маш том үр дүн болсон. Энэ нь тухайн нутаг дэвсгэрт зэрлэг амьтдын идэш тэжээлийн сүлжээ, амьдрах орчин бүрэн хамгаалагдаж байгаагийн бодит илрэл юм. Тусгай хамгаалалттай газрын бодлогын үр дүнг хүмүүс бус, харин өөрөө зэрлэг амьтад, тэр дундаа цоохор ирвэс эргэн ирж буйгаар тодорхойлж байна гэж хэлж болно.

“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн хүрээнд 16 хамгаалалтын захиргаанд грант олголоо

Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны дарга Т.Анандпүрэв: Бидний хувьд энэ хамгаалалтын ажлаас тодорхой хэмжээний үр дүн, ахиц гарч байгаад баяртай байна. Монгол Улс олон улсын өмнө 2030 он гэхэд улсын нийт нутаг дэвсгэрийн 30 хувийг тусгай хамгаалалттай газар нутагт хамруулна гэсэн томоохон амлалт өгсөн. Энэ зорилгын хүрээнд хэрэгжиж буй энэхүү төсөл нь үнэхээр цаг үеэ оллоо. Манай Их Нартын байгалийн нөөц газар нэлээд онцлогтой. Учир нь энэ газар говь, хээрийн бүсэд оршдог бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын гэрээгээр хариуцан хамгаалж ирсэн туршлагатай. Гэвч санхүүжилтийн хувьд тогтвортой бус асуудал байсаар ирсэн. Цаашид тогтвортой санхүүжилт, хүний нөөц зайлшгүй шаардлагатай байгаа энэ үед энэхүү төсөл хэрэгжиж байгаа нь маш онцлог бөгөөд чухал ач холбогдолтой гэж харж байна. Мөн энэ төслийн сонгон шалгаруулалтад тэнцэж, өнөөдөр ийнхүү дэмжлэг авч байгаадаа үнэхээр талархлаа. Бидний хийж буй ажлыг үнэлж байгаагийн илрэл төдийгүй, цаашид илүү зорилготой, хариуцлагатай ажиллах урам зориг, үүрэг хариуцлагыг өгч байна. Тиймээс цаашид улам хичээн ажиллаж, Монгол орны тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах үйлсэд бодит хувь нэмэр оруулна. Их Нартын байгалийн нөөц газрын гол онцлог нь зөвхөн төр, хувийн хэвшлийн хамтын менежментээр хэрэгждэгт биш. Мөн судалгаанд суурилсан хамгаалал болон орон нутгийн иргэдтэй хамтран ажилладаг тогтолцоонд оршдог. Нутгийн иргэдийг хамгааллын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулж ирсэн нь бидний давуу тал болсон. Их Нартын хувьд 2011-2015 онд НҮБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгжсэн “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх” төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа төр, хувийн хэвшлийн хамтын гэрээгээр ажилладаг байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааг байгуулсан. Үүнээс хойш үйл ажиллагаа тогтворжиж, бэхжин ажиллаж ирсэн ч санхүүжилтийн тогтвортой байдлын асуудал байнга тулгарч байсан. Тиймээс энэхүү шинэ төсөл нь тэр асуудлын дараагийн бодит шийдэл болж байна.

“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн хүрээнд 16 хамгаалалтын захиргаанд грант олголоо

“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн хүрээнд 16 хамгаалалтын захиргаанд грант олголоо

“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн хүрээнд 16 хамгаалалтын захиргаанд грант олголоо

“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн хүрээнд 16 хамгаалалтын захиргаанд грант олголоо

“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн хүрээнд 16 хамгаалалтын захиргаанд грант олголоо

Хөтөлбөрт шалгарсан 16 тусгай хамгаалалттай газар

“Тусгай хамгаалах газар нутгийн хурдасгуур” цогц хөтөлбөрийн нээлтийн үеэр эхний шатанд шалгарсан хамгаалалтын захиргаадад батламж гардуулсан бөгөөд оролцогч талууд цаашдын хамтын ажиллагаа, хөтөлбөрийн хүлээгдэж буй үр нөлөөний талаар байр сууриа илэрхийллээ. Шалгарсан хамгаалалтын захиргаадыг танилцуулъя.  

1. Ачит нуур-Дэвэлийн арлын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

2. Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа

3. Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

4. Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа

5. Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа

6. Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа

7. Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа

8. Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

9. Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа

10. Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа

11. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа

12. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа

13. Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа

14. Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа

15. Хурх хүйтний хөндийн байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа

16. Хомын талын байгалийн цогцолбор газрын захиргаа

“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн хүрээнд 16 хамгаалалтын захиргаанд грант олголоо

“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн хүрээнд 16 хамгаалалтын захиргаанд грант олголоо

“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн хүрээнд 16 хамгаалалтын захиргаанд грант олголоо

“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн хүрээнд 16 хамгаалалтын захиргаанд грант олголоо

“Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн хүрээнд 16 хамгаалалтын захиргаанд грант олголоо#ӨНӨ_МӨНХИЙН_МОНГОЛЫГ_ХАМТДАА_БҮТЭЭНЭ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Дэ Нейче Консерванси Монгол дахь төлөөлөгчийн газар – The Nature Conservancy in Mongolia (TNC)

Монголын Байгалийн Өв Сан – Mongolian Nature’s Legacy Foundation

“Өнө Мөнхийн Монгол” хөтөлбөр

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн