ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 9 /ТАСС/. Холимог тулааны UFC холбооны хөнгөн жингийн аварга, Испанийн тамирчин Илия Топурия, Америкийн тулаанч Жастин Гэтжи нарын өрсөлдөөн Цагаан ордонд болох тус холбооны ээлжит тэмцээний гол тулаан байх болно гэдгийг UFC-гийн хэвлэлийн алба мэдэгдлээ.
Өмнө нь 2025 оны 7 дугаар сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдэхдээ, АНУ-ын тусгаар тогтнолын Тунхаглалыг баталсны 250 жилийн ойд зориулсан ёслолын хүрээнд 2026 онд Цагаан ордон дотор UFC холбооны тэмцээнийг зохион байгуулна гэдгийг зарласан юм. Дараа нь 10 дугаар сард тэрбээр хэлэхдээ, 2026 оны 6 дугаар сарын 14 буюу 80 насныхаа ойг тэмдэглэх үеэр тэмцээнийг явуулна гэсэн байна.
Тэмцээний үеэр Топурия-Гэтжи хоёрын тулаанаас гадна Алекс Перейра (Бразил) – Сирил Ган (Франц); Шон О’Мэлли (АНУ) – Айманн Захаби (Канад); Маурисио Руффи (Бразил) – Майкл Чендлер (АНУ); Бо Никал (АНУ) – Кайл Докас (АНУ); Диего Лопес (Бразил) – Стив Гарсия (АНУ) нарын тулаанууд болно.
Өдгөө 29 настай Топурия 17 удаа ялж, ганц ч удаа ялагдаагүй байна. Өнгөрсөн оны 6 дугаар сард тэрбээр UFC-гийн хөнгөн жингийн аваргын төлөөх тулаанд Бразилын Чарльз Оливейраг хүнд цохилтоор ялжээ. 12 дугаар сард Топурия аваргаа хамгаалах тулаан хийхээс татгалзаж, 2026 оны 4 дүгээр сараас нааш тулаан болохгүй гэдгийг мэдэгдсэн байна. Учир нь, тухайн үед түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх худал мэдээлэл тархаж болзошгүй байжээ.
Харин түүний өрсөлдөгч Гэтжи энэ оны нэгдүгээр сард Их Британийн тамирчин Пэдди Пимблеттийг ялснаар хөнгөн жингийн аваргын бүсийг түр хугацаанд эзэмшиж байгаа юм.