ТОКИО, 2026 оны наймдугаар сарын 28 /Kyodo/. Японы тоглоомын томоохон үзэсгэлэн худалдаа пүрэв гарагт Токио хотноо нээгдлээ. Төрөлт буурч буй энэ үед зах хүүхдүүд төдийгүй бүх насныханд зориулсан, дурсамж сэргээсэн хуучны тоглоомууд болон дижитал технологийн сэдэвчилсэн бүтээгдэхүүнүүдийг дэлгэн үзүүлж байна.
Японы болон гадаадын 185 компанийн 35 мянга орчим бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлж буй “Tokyo Toy Show 2026” үзэсгэлэн нь 2025 оны санхүүгийн жилд тоглоомын зах зээл өмнөх оныхоос 6.3 хувиар тэлж, 1.16 их наяд иенд (7.3 тэрбум ам.доллар) хүрсэн үед болж байгаа юм.
Японы тоглоом үйлдвэрлэгч, “Takara Tomy” нэрээрээ танигдсан “Tomy Co” компани “Dragon Quest” хэмээх алдартай видео тоглоомын цувралынхаа 40 жилийн ойд зориулан уг тоглоомоос сэдэвлэсэн хөлөгт тоглоомыг танилцууллаа.
Энэхүү тоглоомоор тоглогчид адал явдал хайгчийн дүрд хувирч, сүйх тэрэг хэлбэртэй дүрсийг хөлөг дээгүүр нүүлгэж, “домогт баатар” болох зорилгынхоо төлөө дайчид, санваартнууд, шидтэнүүд зэрэг багийн гишүүдийг цуглуулдаг байна.
“MegaHouse Corp” компани сонгосон мөрөөдлөө биелүүлэхийн тулд тоглогчид алт, хувьцаа, крипто валютыг хослуулан хөрөнгөө өсгөхөөр өрсөлддөг хөлөгт тоглоомоо танилцуулсан бөгөөд хүүхдүүд эцэг эхийнхээ хамтаар хөрөнгө оруулалтыг хөгжилтэй аргаар хийх боломжийг олгодог.
“Bandai Co” компани алдартай “Тамагочи” тоглоомынхоо 30 жилийн ойд зориулан бөгж хэлбэрээр шинэчлэн бүтээсэн хамгийн сүүлийн үеийн загварыг танилцуулав. Ердөө 2.8 см хэмжээтэй, өндөг хэлбэртэй нүүрэн хэсэг бүхий энэхүү тоглоом нь Тамагочигийн хамгийн жижиг загвар бөгөөд хэрэглэгчдэд 30 төрлийн виртуал дүрийн аль нэгийг нь сонгох боломжийг олгоно.
Ючами нэрээрээ алдаршсан Японы загвар өмсөгч Юна Когава зөвхөн цахимаар худалдаалагдаж буй шинэ загварын бөгжийг зүүж үзэсгэлэнгийн талбайд гарч ирсэн бөгөөд “Та дүрүүдтэйгээ хэзээ ч, хаана ч хамтдаа гадуур явах боломжтой” гэлээ.
“Tokyo Big Sight” төвд дөрвөн өдрийн турш үргэлжлэх уг үзэсгэлэн сүүлийн хоёр өдөр буюу амралтын өдрүүдэд олон нийтэд нээлттэй байх юм.