СОР17 хурлын хүрээнд “Хүнсний баталгаат байдал, уур амьсгалын тэсвэрлэх чадвар, хөрсний эрүүл мэндийг сайжруулахын төлөө тал хээр, бэлчээрийг нөхөн сэргээх нь” хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.
Тус хэлэлцүүлгээр дэлхийн хүнсний тогтолцооны ирээдүй, хөрсний эрүүл мэнд, усны нөөц, уур амьсгалын тэсвэртэй байдал, малчин тариаланчдын амьжиргаа, хүн төрөлхтний тогтвортой ирээдүйн тухай хэлэлцэж байна.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ дэлхийн хөдөө аж ахуйн газрын бараг гуравны нэг нь доройтож, 2050 он гэхэд хүнсний эрэлт бараг 50 хувиар өсөх төлөвтэй байгааг тэмдэглэлээ. Тэрбээр мөн, COP16-гаар батлагдсан “Эр-Риядын үйл ажиллагааны төлөвлөгөө” нь газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, хөрсний эрүүл мэндийг хүнсний тогтолцоо, усны менежмент, биологийн олон янз байдлын хамгаалалттай уялдуулах маш тодорхой чиглэлийг тодорхойлсон. Монгол Улс COP17-гийн даргалагч орны хувьд хөрсний эрүүл мэндийг хүнсний тогтолцооны шинэчлэлийн салшгүй үндэс болгон төлөвшүүлэх олон улсын хамтын ажиллагааг манлайлан ажиллах болно хэмээн тодотголоо.
СОР17 хурлаар Монгол Улс нь “Тал хээрийн үйл ажиллагааны төлөвлөгөө”-г дэвшүүлэн ажиллаж байна. Энэхүү төлөвлөгөөнд:
- Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
- Ус ба газрын тэргүүлэх санаачилга
- Байгальд суурилсан шийдлийн тэргүүлэх санаачилгыг дэвшүүлж байгаа бөгөөд эдгээр нь газар, ус, хүнсний тогтолцоог нэг дор харсан цогц хөгжлийн шинэ загвар юм.