БАНГКОК, 2026 оны зургаадугаар сарын 3 /Reuters/. Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чинават хааны өршөөлөөр хорих ялынхаа үлдсэн хугацааг эдлэхгүйгээр суллагдахаар болсон тухай тус улсын Хууль зүйн сайд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлжээ.
Найман сарын турш хоригдсоны эцэст өнгөрсөн сард хугацаанаас өмнө тэнсэн суллагдаад байсан Т.Чинаватын нэг жилийн хорих ялын хугацаа ирэх есдүгээр сард дуусах ёстой байсан бөгөөд түүнд гурван сар орчмын ял үлдээд байжээ.
Тайландын хаан Маха Вачиралонгкорн зургаадугаар сарын 3-нд тохиох хатан хаан Сутидагийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан зарим хоригдолд өршөөл үзүүлсэн тухай хааны ордны албан ёсны сонинд мягмар гаргийн орой мэдээлсэн байна.
Хууль зүйн сайд Рүттафон Наоварат Т.Чинават уг өршөөлд хамрагдсан эсэх талаарх сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, хамрагдсан болохыг баталжээ.
Өдгөө 76 настай тэрбумтан Т.Чинават 2001-2006 онд Тайландын Ерөнхий сайдын албан тушаалыг хаших хугацаандаа ашиг сонирхлын зөрчил гаргасан, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр оноосон найман жилийн хорих ялыг эдлэхээр 2023 оны наймдугаар сард Тайландад эргэн иржээ. Тэрбээр 15 жилийн туршид хилийн чанадад дүрвэн амьдарч байсан юм.