“Сүү” хувьцаат компани “Сүү Бонд 3”-ын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүллээ

Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч компани болох “Сүү” хувьцаат компани өнөөдөр “Сүү бонд 3”-ын анхдагч зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлж, цан цохих ёслолын ажиллагааг зохион байгууллаа.

Тус бонд нь компанийн үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх, бизнесийн хөгжлийн дараагийн шатны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой ажээ. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулагчдад тогтмол өгөөж хүртэх боломж олгож, үндэсний үйлдвэрлэгчийн өсөлт хөгжилд бодитой хувь нэмэр оруулах боломжийг бий болгож байна.

“Сүү бонд 3”-ын андеррайтераар “Таван Богд Капитал ҮЦК” ХХК, арилжаа зохион байгуулагч биржээр “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” хувьцаат компани ажиллаж байгаа бөгөөд цан цохих ёслолын ажиллагаанд Санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгө оруулагчид, үнэт цаасны зах зээлийн оролцогчид болон хамтрагч байгууллагууд оролцож, бондын арилжаа албан ёсоор эхэлснийг зарлалаа.

“Сүү” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Манай компани өмнө нь бондоо амжилттайгаар зах зээлд гаргаж байсан туршлагатай. 2017 онд “Сүү бонд 1”-ийг зах зээлд гаргахад захиалга нь ердөө гурван өдрийн дотор бүрэн дүүрч байсан. Харин 2025 онд гаргасан “Сүү Бонд 2″ мөн маш амжилттай болж, захиалга нь нэг өдрийн дотор бүрэн дүүрсэн. Энэ удаагийн “Сүү Бонд 3” нь хоёр жилийн хугацаатай, нийт 25 тэрбум төгрөгийн үнийн дүнтэйгээр гарч байгаа бөгөөд зах зээл дэх дундаж хүүтэй харьцуулахад өрсөлдөхүйц, бага хүүтэйгээр санал болгож буйгаараа онцлогтой. Нөгөө талаас, бонд худалдан авах сонирхолтой хөрөнгө оруулагчдын хувьд “Сүү” хувьцаат компанийн санхүүгийн ил тод байдал, засаглалын түвшин чухал үзүүлэлт юм. Бид 2012 оноос хойш дэлхийн шилдэг аудитын компаниудын нэг болох Ernst&Young, DНD, Deloitte, BDO зэрэг аудитын байгууллагуудаар санхүүгийн тайлангаа тасралтгүй аудит хийлгэж, олон нийтэд танилцуулж ирсэн. Мөн манай компани сүүлийн 11 жил дараалан Монгол Улсын Топ-100 аж ахуйн нэгжээр шалгарсан бөгөөд 2025 онд 49 дүгээр байрт жагслаа. Нээлттэй хувьцаат компанийн хувьд улирал бүр санхүүгийн тайлангаа олон нийтэд нээлттэй тайлагнадаг бөгөөд санхүүгийн ил тод байдлыг өндөр түвшинд эрхэмлэдэг. Түүнчлэн “Сүү” хувьцаат компани Монгол Улсад шинэчлэн баталсан Компанийн засаглалын кодексийн хэрэгжилтийн үнэлгээгээр 2025 онд 100 хувийн үнэлгээ авсан анхны компаниудын нэг болсон. Иймээс нэг талаас Монгол Улсын гурван сая гаруй хэрэглэгчийн өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг, тогтвортой үйл ажиллагаатай үндэсний үйлдвэрлэгчийн хувьцааг эзэмшихийн зэрэгцээ нөгөө талаас компанийн бондыг худалдан авч, тогтмол өгөөж хүртэх боломжийг хөрөнгө оруулагчдад олгож байна. “Сүү Бонд 3”-ын нэг давуу тал нь хүүгээ улирал тутамд олгодогт оршино. Ингэснээр хөрөнгө оруулагч улирал бүр хүүгийн орлогоо хүртэхээс гадна дахин хөрөнгө оруулалт хийж, хүүгээс хүү тооцогдох боломжийг бүрдүүлэх боломжтой. Тогтвортой үйл ажиллагаа, санхүүгийн ил тод байдал, компанийн засаглалын өндөр түвшин, өмнөх бондуудын амжилттай туршлагадаа тулгуурлан “Сүү” хувьцаат компанийн зүгээс хөрөнгө оруулагчдадаа “Сүү Бонд 3”-ыг санал болгож байна” хэмээн ярилаа.

Харин “Улаанбаатар Үнэт Цаасны Бирж” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал М.Даваажаргал “Монгол Улсын ууган хүнсний үйлдвэрүүдийн нэг, 68 жилийн түүхтэй “Сүү” ХК энэ удаад нээлттэй зах зээлд бондоо гаргаж байна. Тус компани нь олон жилийн турш монголчуудын итгэл, хүндлэлийг хүлээж, бидний өдөр тутмын хэрэглээ болсон үндэсний үйлдвэрлэгч билээ. Энэ утгаараа компанийн нэр хүнд, үйл ажиллагааны чадамж, үндэсний үйлдвэрлэлийг төлөөлөх байр суурь нь зах зээлд шинэ жишиг тогтоохуйц бондоор гарч ирж буйгаараа онцлог юм. Тус бондын хүү нь орон нутгийн бондын хэмжээнд өрсөлдөхүйц буюу хувийн хэвшлээс анх удаа 16 хувийн хүүтэйгээр гарч буйгаараа онцлогтой. Мөн Засгийн газраас зах зээлийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр олон шийдвэр, арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа энэ үед уг бондын хүү нь бодит хэрэгжилт, шинэ жишиг тогтоож буй нэгэн чухал алхам болж байна. Бондыг зах зээлд гаргах бэлтгэл ажлыг ханган ажилласан нийт мэргэжлийн оролцогчдодоо баяр хүргэе” гэв.

Тэгвэл “Таван Богд Капитал ҮЦК”  ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мөнх-Эрдэнэ “Энэхүү бонд нь хоёр жилийн хугацаатайгаар гарч байгаа. Гэхдээ хоёр жилийн хугацаа дуусах хүртэл заавал эзэмших шаардлагатай гэсэн үг биш. Өмнөх бондуудын хувьд хөрөнгө оруулагчид тодорхой хугацаанд эзэмшээд хугацаа дуустал хүлээдэг байсан бол “Сүү” хувьцаат компани энэ удаагийн бондоороо уг байдлыг өөрчилж, илүү уян хатан нөхцөлийг бүрдүүллээ. Өөрөөр хэлбэл, харилцагч бондыг худалдан авснаас хойш нэг сарын дараа, жилийн дараа буюу хүссэн үедээ хоёрдогч зах зээл дээр худалдах боломжтой. Энэ нь олон нийтийн хөрөнгө оруулагчдын хувьд илүү уян хатан, таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Мөн бондын хүү 16 хувь байгаа нь банкны хадгаламжийн хүүтэй харьцуулахад өндөр өгөөжтэй. Үүнээс гадна хүүгийн орлогод ногдох татварын хувьд нээлттэй бондод тав, хадгаламжийн хүүгийн орлогод 10 хувийн татвар ногдож байгаа нь бондын хувьд давуу тал болж байна. Түүнчлэн хүссэн үедээ авч, худалдах боломжтой, эрэлт нийлүүлэлтэд суурилсан, хөрөнгийн зах зээлд чөлөөтэй арилжаалах бүтээгдэхүүн болж байгаа нь “Сүү Бонд 3”-ын бас нэг онцлог юм. Өнөөдрийн байдлаар “Сүү Бонд 3”-т нийт 42 тэрбум төгрөгийн захиалга ирсэн. Бидний гаргаж буй 25 тэрбум төгрөгийн бондын хүрээнд харилцагчдаас захиалгыг хүлээн авч, баталгаажуулан системд бүртгэж, арилжааг зохион байгуулж байна. Эцэст нь хөрөнгө оруулагчдын хувьд энэ бондын хүү нь сүүлийн үед гарсан ижил төстэй компаниудын бондуудтай харьцуулахад бага түвшинд байгаа. Нөгөө талаас “Сүү” компанийн нэр хүнд, үйл ажиллагааны чадавх, ирээдүйн боломжийг зах зээл өндөр үнэлж, эрсдэлийг нь орон нутгийн бондын түвшинтэй ойролцоо хэмжээнд үнэлж байгааг харуулж байна. Ингэснээр бид хөрөнгийн зах зээлд хэд хэдэн шинэ жишгийг бий болгож байна. Нэгдүгээрт, 16 хувийн хүүгээр Монголын хөрөнгийн зах зээлд харьцангуй бага хүүтэй бондын шинэ түвшнийг тогтоолоо. Хоёрдугаарт, 25 тэрбум төгрөгийн бондод өнөөдрийн байдлаар 42 тэрбум төгрөгийн захиалга ирээд байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэл, эрэлтийг харуулав. Гуравдугаарт, хүссэн үедээ хоёрдогч зах зээл дээр худалдах боломжтой, хүртээмжтэй, уян хатан санхүүгийн бүтээгдэхүүнийг хөрөнгийн зах зээлд бий болгож байна. Энэ бол бидний хамтын хүчин чармайлт, хамтын ажлын үр дүнд бий болж буй шинэ үнэ цэн юм” гэв.

Анхдагч зах зээлийн арилжаа өнөөдрөөс эхлэн нээлттэй бөгөөд нийт санал болгож буй хэмжээ бүрэн захиалсан тохиолдолд арилжааг хаах ажээ. Хөрөнгө оруулагчид өөрийн харилцдаг үнэт цаасны компаниар дамжуулан захиалгаа өгөх боломжтой. Нийт 25 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй “Сүү бонд 3”-ын нэгжийн нэрлэсэн үнэ нь 100 мянган төгрөг юм. Улирал тутамд хүү төлөх нөхцөлтэй бондыг 24 сарын хугацаатай гаргаж байна.

Ташрамд дурдахад, “Сүү” хувьцаат компаниас 2017 онд 6 тэрбум төгрөгийн “Сүү Бонд”, 2025 онд 5 тэрбум төгрөгийн “Сүү Бонд 2”-ыг амжилттай гарган хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татаж байсан туршлагатай юм. Энэ удаагийн бонд нь өмнөх амжилттай хэрэгжсэн бондын хөтөлбөрүүдийн үргэлжлэл болж, компанийн цаашдын өсөлт, өрсөлдөх чадварыг дэмжихэд чиглэж байна. “Сүү бонд 3” нь үндэсний үйлдвэрлэгчдийн санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, хөрөнгийн зах зээлийн идэвхжил, хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ бодит эдийн засагт чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих ач холбогдолтой бүтээгдэхүүн болж буй юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн