Нарны эрчим хүч нь нарны цацрагийг ашиглахад суурилсан алтернатив буюу өөр нэг аргаар авах эрчим хүчний нэг хэлбэр юм. Нарны эрчим хүч нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох нарыг ашигладаг бөгөөд байгаль орчинд ээлтэй, өөрөөр хэлбэл идэвхтэй ашиглалтын үед хортой хаягдал үүсгэдэггүй гэдгээрээ онцлог байдаг. Тэгвэл энэхүү байгальд ээлтэй аргыг өөрийн амины орон сууцдаа ашиглан цахилгаанаа бүрэн шийдэхээс гадна илүүдэл гарсан тогоо төвийн шугам руу нийлүүлж, худалддаг С.Сүрэнжавынхаас энэхүү сурвалжилгыг бэлтгэлээ.
ВИДЕО:
-“ӨВЛИЙН УЛИРАЛД 800 МЯНГАН ТӨГРӨГ ТОГОНД ТӨЛДӨГ БАЙСАН БОЛ ОДОО 100 МЯНГА ОРЧИМ ТӨГРӨГ ТӨЛЖ БАЙГАА”-
Тэрбээр хотоос зайдуу амьдардаг учир тог тасрах, хязгаарлах гэх мэт асуудлууд бараг л өдөр болгон тохиолддог байжээ. Анх байшингаа барихдаа шалны халаалттай хийсэн бөгөөд өвлийн цагт хэрэв тог тасарвал дулаангүй болох эрсдэл тулгарч байсан учир нарны эрчим хүчээр байшингийнхаа цахилгааны асуудлыг шийдэхээр болж байжээ. Удаан судалсны эцэст 30 орчим сая төгрөгөөр хамгийн чанартай тоног төхөөрөмжүүдийг тавиулсан бөгөөд одоогоор том хэмжээний эвдрэл гэмтэл огт гараагүй байгааг тэрээр тодотгосон юм.
Тэрбээр, “Удаан хугацаанд судалсны эцэст Хятадын “Huawei” брэндийн нарны эрчим хүчний төхөөрөмжүүд хамгийн чанартай юм байна гэж дүгнээд анх тавиулж байсан. Одоог хүртэл томоохон эвдрэл гэмтэл гараагүй байна.
Манай монголчууд нарны эрчим хүч тавина гээд ямар ч судалгаагүйгээр Эрээнээс хямдхан төхөөрөмж оруулж ирээд тавьчихдаг. Тэр нь мэдээж ямар нэгэн баталгаа гэх зүйлс байхгүй учраас амархан эвдэрдэг.
Буцаад эвдэрсэн төхөөрөмжөө засуулах газар олддоггүй. Ингээд өөрсдөө хамгийн хямдхан, чанаргүй төхөөрөмж авч тавьчхаад “Нарны эрчим худлаа, хэрэггүй” гэж их ярьдаг. “Харамч хүн хоёр дахин төлдөг” гэх үг байдаг шүү дээ. Нэгэнт нарны эрчим хүчээр цахилгааны асуудлаа шийдэх гэж байгаа бол чанартайг тавиулчихвал дараа нь санаа амар байдаг” гэв.
-“ӨМНӨ ЖИЛИЙН ТОГНЫ ХЯЗГААРЛАЛТ МАНАЙД ОГТ НӨЛӨӨЛӨӨГҮЙ”- С.Сүрэнжавынх наймдугаар сард ойролцоогоор 600 кВт цахилгаан үйлдвэрлэж байгаа бөгөөд 300 орчмыг нь байшингийнхаа хэрэглээнд ашиглаж үлдсэн 300 орчмыг нь төвийн шугам руу нийлүүлсэн байна. Нарны эрчим хүчний төхөөрөмж тавиулсан цагаас эхэлж цахилгаан нийлүүлэх гэрээг УБЦТС-тай хийсэн аж. С.Сүрэнжав, “Манайх төвийн шугам руу өөрийнхөө сард хэрэглэж байгаатай адил цахилгааныг нийлүүлж байгаа. Уг нь энэхүү цахилгаанаа зарах гэрээ байгуулсан ч зарим нэг ойлгомжгүй зүйлээс болоод үр шимээ хүртэж чадаагүй л байна. Гэхдээ хоёр сарын өмнөөс нийлүүлсэн цахилгааны мөнгөө хэрхэх эсэх нь илүү ойлгомжтой болсон. Анх УБЦТС-ын ажилчид нь манай тогны мөнгийг яаж бодохоо ч мэдэхгүй их будилдаг байсан ч одоо арай гайгүй болж байна. Магадгүй манай гэрийн ойр хавиас нэг айл нарны эрчим хүч ажлуулж төвийн шугам руу зарахаар болбол миний гаргасан жим бэлэн байгаа” хэмээсэн юм. Мөн тэрээр, “Нарны эрчим хүчээр цахилгааны асуудлаа шийдэхээс өмнө манай тогны мөнгө өвөлдөө 700-800 мянган төгрөг гардаг байсан. Харин одоо бол 100 орчмыг л тогонд зарцуулдаг. Байшин маань тогоор халдаг учир өвөл шөнийн цагаар төвийн шугмаас тог авахаас аргагүйд хүрдэг. Гэхдээ одоо байгаа төхөөрөмжүүдээ солиод хүчдэлийг сайжруулчихвал төвийн шугмаас өвөл ч тог авах шаардлагагүй болно. Анх тавиулахад “Clean Resource Development” байгууллагаас хэдэн жилийн дараа зардлаа нөхөх вэ зэрэг бүх тооцоог хийж өгч байсан. Одоо төвийн шугамд нийлүүлсэн цахилгааны мөнгөө тооцуулж аваад эхэлбэл гаргасан зардлаа маш хурдан хугацаанд нөхөх боломжтой юм байна лээ” гэлээ.