Даншиг наадмын хүрээнд энэ сарын 28-ны ням гаргийн орой 20:00 цагт Д.Сүхбаатарын талбайд хаалтын ёслолыг “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойтой хамтатган зохион байгуулах гэж байна.
Энэхүү тоглолтын талаар уран бүтээлчид мэдээлэл өглөө. МУГЖ, “Соёл-Эрдэнэ” хамтлагийн дуучин Ч.Насантогтох, “Манай хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтод рок попын бүх цаг үеийн шилдэг уран бүтээлчид оролцоно. “Соёл-Эрдэнэ” бол бүхэл бүтэн түүхийг өгүүлсэн хамтлаг юм. Бид бүтээлээ анх яаж эгшиглэж байсан яг тэр хөгжмийн найруулгаараа тоглоно. Үзэгчид та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна” хэмээн ярилаа.
Харин “Соёл-Эрдэнэ” хамтлагийг үүсгэн байгуулагч, УГЗ Б.Наранбаатар “Тэртээх 55 жилийн өмнө Монгол Улсад анх рок попын үндэс суурийг тавилцаж, нөхдийнхөө хамт “Соёл-Эрдэнэ” хэмээх нэрийг өгч байлаа. Ингээд “Соёл-Эрдэнэ” чуулга өргөжин филармонитой нийлээд олон жил уран бүтээлээ туурвисан. “Соёл-Эрдэнэ” чуулга бол Монголын рок поп хөгжмийн урсгалын дээд сургууль юм. Учир нь энэ чуулгыг байгуулснаас хойш “Харанга”, “Хурд”, “Инээмсэглэл” зэрэг маш олон хамтлаг, дуучин, урлагийн зүтгэлтнүүд төрөн гарсан билээ. 55 жилийн хугацаанд манай хамтлаг зөвхөн өөрийн орноор аялан тоглоод зогсохгүй, Монгол орныхоо рок поп дуу хөгжмийг дэлхийн өнцөг бүрд түгээж явсан” гэв.
Тоглолтод Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Д.Жаргалсайхан, Гавьяат жүжигчин Ч.Насантогтох, Х.Лхагвасүрэн, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Батчулуун, Я.Одсүрэн, дуучин Б.Хонгор тэргүүтэн рок попынхон мэндчилгээ дэвшүүлэх ажээ.