Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 27 //. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал сүүлийн дөрвөн өдрийн хугацаанд тусгайлсан сэдвээр үйл ажиллагаагаа өрнүүлж, өнөөдөр хаалтаа хийлээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан энэ үеэр хэлэхдээ, Газрын асуудал бол зөвхөн байгаль орчны асуудал биш. Энэ бол хүний эрх, амьжиргаа, эдийн засгийн боломж, засаглал, нийгмийн тогтвортой байдал, энх тайвантай салшгүй холбоотой хэмээн тодотголоо. Тэрбээр “Газар ба хүн төвт” өдрийн өндөр түвшний болон олон талт хэлэлцүүлгийг чиглүүлж ажилласны хувьд хүн төвтэй, газрын шударга засаглалыг бэхжүүлэх, малчид, нутгийн болон уугуул иргэдийн мэдлэг, эрх, оролцоог бодлогын төвд тавих, эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог бодит боломж болгон өргөжүүлэх, газрын нөхөн сэргээлтийг тогтвортой амьжиргаа, нийгмийн тогтвортой байдал, энх тайвантай уялдуулах, амлалтаас бодит хэрэгжилт, хөрөнгө оруулалт руу шилжүүлэх шаардлагатайг дурдав.
Үүний зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, газрын доройтлын асуудлыг тус тусад нь шийдвэрлэх боломжгүй. Риогийн гурван конвенцын зорилтыг үндэсний болон олон улсын түвшинд илүү уялдаатай хэрэгжүүлж, бодлого, төлөвлөлт, санхүүжилт, хэрэгжилтийг бэхжүүлэх хэрэгтэй. Улаанбаатарт өрнөсөн хэлэлцүүлэг, дэвшүүлсэн санал, сайн туршлага, хамтын хүсэл эрмэлзлийг цаашид бодлого, хөрөнгө оруулалт, бодит түншлэл, орон нутгийн үйл ажиллагаатай холбох нь бид бүгдийн хамтын зорилт байх болно гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд тэмдэглэв.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Дэлхийн ХАА-н газрын бараг 30 гаруй хувь нь доройтсон. Гэтэл 2050 онд хүнсний эргэлт 2012 оныхоос 50 хувиар нэмэгдэх төлөвтэй байгааг сануулав. Иймд энэхүү сорилтыг даван туулахын тулд хөрсийг зөвхөн газар тариалангийн хүрээний асуудал мэтээр явцуу ойлгодгоо болих хэрэгтэй. Үүний оронд ХАА-н салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, усыг тогтоон барих, ган, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадавхыг бэхжүүлэх хүрээнд хөрс, газар нутагт чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр байгааг хэллээ.
Түүнчлэн СОР17 бага хурлаар хөдөө аж ахуй, байгаль орчин, санхүү, хөгжлийн бодлого хариуцсан төрийн байгууллагын төлөөлөл, хувийн хэвшлийнхэн, эрдэмтэн судлаачид, тариаланч малчид, эмэгтэйчүүд, залуучууд нэг дор цугларсан нь газар, ус, хөдөө аж ахуй, уур амьсгалын өөрчлөлт, хөрөнгө оруулалтын бодлогыг уялдуулах, хэрэгжилтийг хурдасгахад түлхэц болсон үйл явдал боллоо хэмээн үнэллээ.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын 17 дугаар бага хурлаар,
-Санхүүгийн өдөр – 8 дугаар сарын 24: Газрын нөхөн сэргээлт болон ганыг тэсвэрлэх чадварыг бэхжүүлэхэд төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дайчлах.
-Усны өдөр – 8 дугаар сарын 25: Ганыг тэсвэрлэх чадварыг бэхжүүлж, газар, усны уялдаа холбооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх.
-Газар ба хүн төвт өдөр – 8 дугаар сарын 26: Газрыг нөхөн сэргээх, тогтвортой удирдахад малчид, уугуул иргэд, орон нутгийн иргэд, эмэгтэйчүүд, залуучуудын гүйцэтгэх үүргийг онцлох.
-Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр – 8 дугаар сарын 27: Хүнсний аюулгүй байдал болон амьжиргааны тэсвэрлэх чадварыг бэхжүүлэхийн тулд эрүүл хөрс, тогтвортой хүнсний тогтолцоог дэмжихэд асуудлыг чиглүүлэв.