СОР17: Санхүүжилтийн өдрийн хөтөлбөр, агуулга, Засгийн газрын оролцоог эцэслэн тохиролцлоо

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэлийг эцэслэх хүрээнд Шадар сайд Т.Доржхандын Ажлын алба болон Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Анартай уулзаж, наймдугаар сарын 24-нд зохион байгуулах Сайд нарын түвшний Санхүүжилтийн өдрийн хөтөлбөр, агуулгыг хэлэлцэн тохиролцов.

Санхүүжилтийн өдөр нь ган, цөлжилт, газрын доройтолтой тэмцэх, газрын тогтвортой менежмент, нөхөн сэргээлт, ногоон хөгжлийг дэмжих хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, байгальд ээлтэй санхүүжилтийн бодлого, хамтын ажиллагааг хэлэлцэх Талуудын 17 дугаар бага хурлын гол арга хэмжээний нэг юм.

Уулзалтаар Монгол Улсын Засгийн газрын оролцоо, өндөр түвшний төлөөлөгчдийн хөтөлбөрийг эцэслэхийн зэрэгцээ Монгол Улсын дэвшүүлж буй өвийн санаачилгуудыг хэрэгжүүлэхэд шаардлагатай олон улсын хөрөнгө оруулалт, түншлэл, төслийн бэлтгэл ажлын талаар санал солилцов.

Санхүүжилтийн өдрийг Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд болон Сангийн сайд З.Мэндсайхан нар хамтран удирдан зохион байгуулна.

СОР17: Санхүүжилтийн өдрийн хөтөлбөр, агуулга, Засгийн газрын оролцоог эцэслэн тохиролцлоо

Талуудын 17-р бага хурал (COP17)-ын цахим хуудас: https://unccdcop17.org/


ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн