Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна.
СОР (Conference of the Parties) буюу Талуудын бага хурал бол НҮБ-ын конвенцод нэгдэн орсон улс орнуудын төлөөлөгчид цугларч, конвенцын хэрэгжилтийг дүгнэж, цаашдын бодлого, хамтын ажиллагаа, шийдвэрээ хэлэлцэн баталдаг дээд түвшний уулзалт билээ.
Улаанбаатар хотноо болох СОР17 нь “Эх байгалиа сэргээе, Итгэл найдвараа бадраая” уриан дор дэлхийн улс орнуудыг нэгтгэн газрын доройтлыг бууруулах, цөлжилттэй тэмцэх, тогтвортой ирээдүйг хамтдаа бүтээх бодит шийдэл, хамтын ажиллагааны чухал талбар болно хэмээсэн хүлээлттэй байна.
СОР17 хуралд нийт 10,000 гаруй, үүний дотор олон улсын 5,000 гаруй зочин төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд байгаа юм.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, COP17 бага хурал зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир:
-COP17 хурлаар Монгол Улсад тулгамдаж буй цөлжилтийн асуудлаас гадна дэлхий нийтийн газрын доройтлын асуудлыг хэлэлцэж, шийдэл гаргана. Монгол Улс СОР17 хурлаар дамжуулан бэлчээрийг “доройтож буй газар” гэхээс илүүтэй, зөв бодлого, хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, уламжлалт мэдлэг, орон нутгийн оролцоогоор сэргээж, тогтвортой ашиглаж болох стратегийн экосистем гэж харуулахыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, манай улсын дэлхий дахинд хүргэх гол илгээлт бол бэлчээр нь өнгөрсөн үеийн өв төдий бус, харин уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, ган, хүнсний аюулгүй байдлын сорилтыг даван туулах ирээдүйн шийдэл юм шүү гэдэг агуулга. Энэ удаагийн СОР17 хурал НҮБ-ээс 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгонтой давхцаж байгаагаараа онцлогтой. Тиймээс Монгол Улс COP17-г бодит шийдэл, шинэ эрмэлзэл, газар дээр хэрэгжихүйц шийдвэр гаргасан бага хурал болгон үлдээхийг зорьж байна хэмээв.
Нөгөө талаар СОР17 бол Монголын өвөрмөц нүүдлийн соёл, баялаг уламжлал, уудам тал нутгийг дэлхийд таниулан сурталчлах боломж, ЗӨӨЛӨН ХҮЧ, хөрөнгө оруулалт, тэр дотроо ногоон хөрөнгө оруулалт татах хамгийн таатай орчин болох учиртай.
ТАЛ ХЭЭРИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ
Тус бага хуралд Монгол Улсаас “Тал хээрийн төлөвлөгөө” үндэсний стратегийн баримт бичгийг дэвшүүлнэ. Энэхүү баримт бичгийг наймдугаар сарын 5-нд болсон Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцуулсан юм. СОР17 хурлаас бодит өв, үр дүнг бий болгох зорилготой Монгол Улсын санаачлан дэлхий дахинаа танилцуулах “Тал хээрийн төлөвлөгөө” (Steppe Action Agenda) нь:
- Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
- Ус газрын нэгдсэн менежментийн санаачилга
- Байгальд суурилсан ногоон шийдэл бүхий дэд бүтцийн санаачилга гэсэн гурван үндсэн санаачилгаас бүрдэж байна.
1. Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
Монгол Улс болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар хамтран хэрэгжүүлэх энэхүү санаачилга нь бэлчээрийг хамгаалах, тогтвортой удирдах, нөхөн сэргээх чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлж, газрын доройтлыг саармагжуулах зорилтыг дэмжинэ.
Бэлчээр нь Монгол Улсын байгаль орчин, эдийн засаг, нүүдлийн амьдралын хэв маягийн гол үндэс юм. Азийн хөгжлийн банкны мэдээллээр малын тоо өсөж, бэлчээрийн дарамт нэмэгдсэнээс Монголын бэлчээрийн газрын 70 орчим хувь доройтсон байна.
Мал аж ахуй нь Монголын хөдөө аж ахуйн салбарын гол тулгуур хэвээр байгаа тул тогтвортой бэлчээрийн менежмент нь амьжиргааг хамгаалах, газрыг нөхөн сэргээх, мах, ноос, ноолуур, сүү, арьс ширний бүтээгдэхүүний ирээдүйг баталгаажуулахад чухал юм.
2. Ус газрын нэгдсэн менежментийн санаачилга
Монгол Улсын тэргүүлж буй энэхүү дэлхийн санаачилга нь шинжлэх ухаанд суурилсан, хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээг дэмжих замаар гүний усыг усны нөөцийн нэгдсэн менежментийн төвд авч үзэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй шийдлийг хөгжүүлэхэд чиглэж байна.
3. Байгальд суурилсан ногоон дэд бүтцийн санаачилга
Энэхүү санаачилга нь хөгжлийн төлөвлөлт, дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг газар, ус, хөрс, биологийн олон янз байдал, экосистемийн тэсвэрлэх чадвартай уялдуулахад чиглэнэ.
Уур амьсгалын эрсдэлийг бууруулж, газрын тогтвортой ашиглалт, орон нутгийн амьжиргаа, урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжих байгальд суурилсан шийдлүүдийг урагшлуулах зорилготой.
“Тал хээрийн төлөвлөгөө”-ний хүрээнд нийт 292 төсөлд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт хүсэж буй бөгөөд нэг төслийн дундаж санхүүжилт 700 мянган ам.доллар байх юм.
СОР17 зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албаны ахлах шинжээч Б.Батцэцэг:
-Монгол Улс цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зохион байгуулагч орны хувьд “Тал хээрийн төлөвлөгөө” санаачилгыг дэвшүүлж байна. “Тал хээрийн төлөвлөгөө” бол Монгол Улсын төдийгүй олон улсын байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх гарц шийдлүүдийг санал болгохын зэрэгцээ хөрөнгө оруулалт, түншлэлийг нэмэгдүүлж бэхжүүлэх боломжийг эрэлхийлж буй бодлогын баримт бичиг. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд багтах “Ус ба газрын нэгдсэн менежмент”-ийн санаачилга нь ус, газар, экосистемийн харилцан уялдаанд тулгуурласан нэгдсэн төлөвлөлт, засаглал, хөрөнгө оруулалтыг дэмжих дэлхийн хэмжээний санаачилга юм.
СОР17 Үндэсний хорооны Ажлын албаны Бодлого, түншлэл, хөрөнгө оруулалтын газрын дарга А.Жавхлан:
-“Тал хээрийн төлөвлөгөө”-г бид хамгийн багадаа дараагийн 10 жилд хэрэгжүүлэх олон улсын хөтөлбөр гэж харж байна. Энэхүү хөтөлбөр нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Биологийн олон янз байдлын тухай конвенц болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилттэй уялдааг бэхжүүлэхэд чиглэнэ.
ЦЭНХЭР, НОГООН БҮС
Монгол Улс Саудын Араб Улсад 2024 онд болсон СОР16 хурлаар цэнхэр, ногоон бүсийг бий болгож байсан туршлагаас суралцаж, хурлыг зохион байгуулах гэж байна.
Ногоон бүс-олон нийтэд нээлттэй бүс байна. Энд:
- Үзэсгэлэн, танилцуулга, хэлэлцүүлэг, соёлын арга хэмжээ зохион байгуулагдана.
- Газрын нөхөн сэргээлт, тогтвортой хөгжлийн санаачилгуудыг танилцуулна.
- Нийт 480 гаруй арга хэмжээ хийхээр төлөвлөсөн.
Харин Цэнхэр бүс бол албан ёсны хэлэлцээний бүс юм. Цэнхэр бүсэд:
- НҮБ-ын албан ёсны хурлууд болно.
- Талууд хэлэлцээ хийж, шийдвэр гаргана.
Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүд
COP17 хурлын Цэнхэр бүсэд дараах сэдэвчилсэн өдрүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Санхүүжилтийн өдөр (наймдугаар сарын 24)
- Газрыг өргөн хүрээнд нөхөн сэргээхийн тулд өдөрт ойролцоогоор 1 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай боловч одоогийн санхүүжилт үүнээс үлэмж бага байна. Энэхүү өдрөөр сангийн сайд нар, хөгжлийн банкууд, олон улсын санхүүгийн байгууллагууд болон хувийн хэвшлийн төлөөллийг нэгтгэн, санхүүжилтийн зөрүүг багасгах, томоохон хөрөнгө оруулалтын боломжийг бүрдүүлэхэд анхаарна.
Усны өдөр (наймдугаар сарын 25)
- 2050 он гэхэд дэлхийн дөрвөн хүн тутмын гурав нь гангийн эрсдэлд өртөх төлөвтэй байна. Усны өдрөөр гангийн эрсдэлд урьдчилан бэлтгэх менежментийг сайжруулах, усны нөөцийн нэгдсэн менежментийг дэмжих, ус ба газрын нэгдсэн төлөвлөлтийг уялдуулах хамтын ажиллагааг өргөжүүлэхэд төвлөрнө.
Газар ба хүн төвт өдөр (наймдугаар сарын 26)
- Бэлчээрийн экосистем нь дэлхий даяар 500 орчим сая хүний амьжиргааг дэмждэг боловч хамгийн дутуу үнэлэгдсэн экосистемүүдийн нэг хэвээр байна. Энэ өдөр газар ашиглагчдын дуу хоолойг сонсож, уугуул болон нутгийн иргэд, малчид, нүүдэлчид, залуучууд, эмэгтэйчүүд, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог онцлон харуулах болно.
Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрсний өдөр (наймдугаар сарын 27)
- 2050 он гэхэд дэлхийн хүнсний хэрэгцээг хангахын тулд хүнсний үйлдвэрлэлийг дор хаяж 50 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай боловч өнөөгийн хүнсний систем нь газрын доройтлын гол шалтгаан хэвээр байна. Энэ өдрөөр газрын нөхөн сэргээлтийг хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн бүтээмж болон фермер, малчдын амьжиргаатай уялдуулах шийдлүүдийг хэлэлцэнэ.
Сэдэвчилсэн өдрүүд нь газрын нөхөн сэргээлт, гангийн эрсдэлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх, эрүүл экосистемийг хамгаалах үйлсэд шаардлагатай шийдэл, түншлэл, хөрөнгө оруулалтыг дэлхий нийтийн анхаарлын төвд авчрах зорилготой юм.
Талуудын 17-р бага хурал (COP17)-ын цахим хуудас: https://unccdcop17.org
ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ
ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ