ЕРЕВАН, 2026 оны долоодугаар сарын 4 /DW/. Гадаадад байнга оршин суудаг Арменийн иргэд сонгуульд саналаа өгөхийг хориглох тухай хуулийн төслийг тус улсын парламент өчигдөр баталжээ.
Санал хураалтад оролцсон эрх баригч намын 63 депутат уг төслийг санал нэгтэй дэмжсэн бол сөрөг хүчнийхэн бойкот зарлаж, саналаа өгөөгүй байна.
Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу бүх нийтийн сонгууль болон бүх нийтийн санал асуулгад оролцох Арменийн иргэд сонгууль болохоос 48 хоногийн өмнө, ээлжит бус сонгууль болохоос 28 хоногийн өмнө тус улсад байнга оршин сууж байсан байх ёстой. Харин парламент дахь сөрөг хүчний “Армени” фракцийн гишүүд “уг шийдвэр нь иргэдийн сонгох эрхийг хязгаарласан” гэж үзээд Үндсэн хуулийн цэцэд хандана гэдгээ мэдэгдсэн байна.
Хуульд оруулах дээрх нэмэлт өөрчлөлтүүдийг эрх баригч “Иргэний гэрээ” намын депутатууд санаачилсан бөгөөд тус нам 6 дугаар сарын 7-нд болсон парламентын сонгуульд ялсан юм. Нэмэлт өөрчлөлт оруулсан нь “сонгуулийн аялал жуулчлал” гэдэг үзэгдлийг таслан зогсооход чиглэсэн байна. Учир нь, гадаад орнуудад ялангуяа Орос улсад амьдардаг армянчууд өнгөрсөн сонгуулийн үеэр эх орондоо олноороо иржээ. Тухайлбал, 5 ба 6 дугаар саруудад Оросоос Армени руу чиглэсэн зорчигчдын урсгал 30 гаруй мянган хүнээр нэмэгдсэн байна. Иймээс Ерөнхий сайд Н.Пашиняны тэргүүлдэг эрх баригч намын депутатууд “Арменийн паспорттой хүмүүс саналаа өгөхийн тулд түр хугацаагаар ирээд буцдаг нь зохисгүй” гэж үзжээ.
Ер нь бол гадаадад оршин суугаа армянчууд тухайн улсад байхдаа сонгуульд оролцох эрхгүй бөгөөд зөвхөн ЭСЯ, консулын газруудын дипломат ажилтнууд, тэдний гэр бүлийнхэн саналаа өгдөг ажээ.