САЙНШАНДЫН “ХАЙНАНЬ”-Д 18 НЭР ТӨРЛИЙН 3000 ОРЧИМ МОД УРГУУЛЖЭЭ

           Ангамал цөлд ажлаан явтал агаарын үзүүрээс чийг ханхийсэн баянбүрдтэй таарвал амьд бүхний амь насан авралын баясгаланг эдэлдэг жамтай. Ус хийгээд ургамлаа шүтэн амьдрах нь ахуй байгальд оршигч амьд бүхний хүслэн билээ. Дэлхийн хөгжлийн хурдасгуур нь он цагт үл баригдан гагцхүү эдийн засгийн өсөлт, ирээдүйн боломжид тулгуурлаж байна. Байгалийн бүтээгдэхүүнийг боловсруулан, хөгжлийн бүтээцэд ашиглаж эхэлсэн нь хүн төрөлхтний ололт мөн ч одоо цагт эргэн сэргээхэд анхаарах нэгэн тулгамдсан зүйл болжээ.

Бидний амьдран буй дэлхий ертөнцөд хором тутамд 90х110м буюу нэг хөлбөмбөгийн талбайн хэмжээтэй ой мод тайрагдаж байна. Харин нөхөн тарих нь хүн төрөлхтний байгалийн өмнө хүлээсэн том хариуцлага болжээ. Энэхүү шүтэлцээт ойлголтыг мэдэрч ухамсарт амьдралаа ирээдүйн сайн сайнхны төлөө зориулсан Монголын зүүн өмнөдийн говийн бүс дэх Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр багийн иргэн Тангаагийн Ганбаатарын бүтээсэн “Хайнань”-д зочиллоо.

 САЙНШАНДЫН “ХАЙНАНЬ”-Д 18 НЭР ТӨРЛИЙН 3000 ОРЧИМ МОД УРГУУЛЖЭЭ


Хүнд ганцаараа гэсэн ойлголт байж болохгүй…

Тэрбээр анх эхнэртэйгээ гал голомтоо бадраан амьдрахаар энэхүү хашаанд 40 гаруй жилийн өмнө ирж байлаа. 1999 онд Усны аж ахуйн газраар хашаандаа гүний худаг гаргуулсан байна. Ингээд л мод тарих тухай бодол тархинд нь сууж, сэтгэлд нь багтаж эхэлжээ. Сайхан орчин бүрдүүлэх тухай эхний бодлууд ингэж үйл явдал болсон хэрэг.

Анх үрсэлгээ бэлтгэн, суулгац үржүүлээд худалдан борлуулахыг зорьж байжээ. 2000-2005 оны хугацаанд гурван настай хайлаас, дөрвөн настай улиасны суулгац үржүүлэн аймгийнхаа хөдөө сумд болон зарим албан газар, аж ахуйн байгууллагуудад борлуулж эхэлсэн.

Дархан хотоос авчирч хашааныхаа салхин талд нөмөрлүүлэн ургуулах гэсэн хайлаасны суулгацаас энэхүү ажил эхлэн өдий болтол сайхан үргэлжилж байна. Хашааныхаа дагууд нэг метр гаруй гүн суулгацны нүх бэлтгэн тусгай бордмол хөрсөөр дүүргэн тарьж эхэлсэн тэр жилийн ажил эргэн дурсахад нүсэр юм шиг санагддаг аж. Гэвч жил бүр модод тарьж, арчилж тордсоор нэг л мэдэхэд говийн хотод цэцэрлэгт хүрээлэн байгуулж чаджээ.

 САЙНШАНДЫН “ХАЙНАНЬ”-Д 18 НЭР ТӨРЛИЙН 3000 ОРЧИМ МОД УРГУУЛЖЭЭ


Бид өмнө нь алдаа гаргаж байсан

Манай нутгийнхан өмнө нь ногоон байгууламжуудад мод тарихдаа алдаа гаргаж байсан. Өнгөн хөрсний суулгацууд нар, салхи, шуурганы ая даасангүй. Харин одоо цагт хүмүүс мод тарих сонирхол их болжээ. Монголчуудын хувьд маш сийрэг, ажигч гярхай ард түмэн. Ажиглаад л мэддэг шүү дээ. Тэгэхээр хүний бүтээсэн зүйлийг хараад анзааран мэдэж, туршлага, алдаа хоёрыг нь цаг алдалгүй анзаарч бодох давуу талтай.

Бид говьд мод тарихын тулд өмнөх алдаагаа давтах учиргүй. Туршлагууд нь алдаанаасаа их болсон цаг учраас хэнээс ч, хаанаас ч зөвлөгөө авч хэрэгжүүлж болно. Одоо манай хашаанд шар хуайс, хайлаас, агч, буйлс, гүйлс, голт бор, сухай, шигд, далан хальс гэх мэт 18 нэр төрлийн 3000 шахам мод ургаж байна хэмээн Тангаагийн Ганбаатар ярьж байна.

 САЙНШАНДЫН “ХАЙНАНЬ”-Д 18 НЭР ТӨРЛИЙН 3000 ОРЧИМ МОД УРГУУЛЖЭЭ


Би тоорой модоо онцлох дуртай…

Тэрбээр, Мод тарихын тулд суулгаад орхих зүйл биш юм. Модныхоо ус чийгийг анзаарах, онцлогийг нь судлах, тарьцын явцад өөрөө суралцах гээд өдөр, цаг тутмын хөдөлмөр шингэдэг. Яваандаа модоо харж, ойлгож, мэдэрч эхэлнэ. Энэ бол үргэлжилсэн их хөдөлмөрийн үр шим.

Энэ хөдөлмөр маань яван явсаар гэр байрны дундах цэцэрлэгт хүрээлэнг бүтээсэн гэж ойлгож болно. Олон зүйлийн модыг судлан тарьж байгаагийн дотор “Улаан ном”-д бүртгэгдсэн тоорой модоо онцлох дуртай. Ургамал судлалын нэрт эрдэмтэн Ц.Жамсран гуайгаас зөвлөгөө авч Дорноговь аймгийн Хөвсгөл сумаас нь нэг зулзган тоорой авчирч тарьж эхэлсэн юм. Одоо маш том мод болжээ. Ер нь тооройг манай аймгийн ногоон байгууламжуудад огт тариагүй ховор байдаг тул хүмүүст их онцлон дурдах дуртай гэв.

Ус уу?, мод уу? гэж салгаж ойлгохын аргагүй…

Говийн нөхцөлд ус, мод зайлшгүй хэрэгтэй. Би 10 гаруй жилийн өмнө 16х8м харьцаатай цөөрмийг Улаанбаатарын мэргэжлийн компаниар хийлгэсэн юм. Нэг метрийн гүнтэй энэ цөөрөм нутгийн иргэдийн, ялангуяа хүүхдүүдийн ирэх дуртай газар болжээ. Цөөрмийн усыг долоо хоног тутам сольдог. Энэ хугацаанд усны ёроолд замаг үүсэх, модны навч, тоосонцрын бохирдол үүсдэг ч буцаагаад моддоо усалчихдаг тул байгалийн бордоотой усалгаа болчихдог. Усны хаягдал гэж үүсэхгүй нэг шийдэл болж өгсөн дөө…

Мод тарьж, цөөрөм үүсгэн түүндээ нутгийн хүүхдүүд тоглохыг харж аз жаргалыг мэдэрч яваа Т.Ганбаатарын гэгээн тунгалаг ертөнц ийнхүү бүтэж байна.

САЙНШАНДЫН “ХАЙНАНЬ”-Д 18 НЭР ТӨРЛИЙН 3000 ОРЧИМ МОД УРГУУЛЖЭЭ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг анхнаас нь би дэмжсэн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг би анхнаас нь дэмжсэн. Зөв зүйтэй ажил. Гол нь эдийн засгийн болоод эргэлдэх холбооны гажуудал байна. Манай аймгийн хувьд модны суулгацаа борлуулах зах зээлийн бололцоо тааруу болсон. Мод үржүүлж байгаа иргэдээ засаг төр, нутгийн удирдлагын байгууллагууд, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй агентлаг газрууд дэмжих хэрэгтэй санагддаг. Модны суулгац үржүүлдэг, энэ чиглэлээр ажиллаж буй иргэд олон болсон. Гэвч үржүүлсэн суулгацаа зах дээл дээр борлуулахад үнэлгээ дэндүү бага байна. Үүнээс гадна хашаа хороо, орчин тойрондоо мод тарихыг хүссэн иргэдэд суулгацаа худалдан авах санхүүгийн чадамж муу байна. Энэ мэтчилэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг бодлогын дагуу шийдэх асуудал бас цөөнгүй байгааг Т.Ганбаатар онцолж байна.

 САЙНШАНДЫН “ХАЙНАНЬ”-Д 18 НЭР ТӨРЛИЙН 3000 ОРЧИМ МОД УРГУУЛЖЭЭ


Хүмүүсийн тав тухтай орчинг бүрдүүлэхийн тулд хөдөлмөрлөж байна

“Ойрын жилүүдэд би хүмүүсийн тав тух, ая таатай орчин бүрдүүлэхийн тулд хичээн хөдөлмөрлөж байна. Хэт халалт, хуурайшилт, хуурай салхины нөлөөлөл говийн аймагт тулгамдсан байгалийн хүчин зүйл мөн. Тиймээс хүмүүс, хүүхдүүд ирж тав тухтай амрах, тайван орчинд сэрүүцэх, чийглэг агаарт амрах боломжийг бүрдүүлэхийг зорьж байна. Аймгийнхан маань манай энэ орчинд амрах гэж зорин ирцгээдэг болсон. Бид ч ая тухтай байлгахын тулд маш багаар үйлчилгээний хөлс авдаг. Өдрийн цагаар бол хүүхдүүдийн дуртай газар нь болдог доо.

Мод тарих, ая тухтай орчинд амьдрах нь хэн бүхэнд чөлөөтэй ч зорилгодоо хүрэх зориг байх хэрэгтэй гэж боддог. Сайншандын “Хайнань” хэмээн нутгийнхан хэлж заншсан байна. Энэ миний хөдөлмөрийг үнэлсэн хэрэг. Мод хаана ч ургана. Гагцхүү хөдөлмөр, хөдөлгөөн, зорилго хэрэгтэй. Туршлага бүхэн нээлттэй болсон энэ цагт хүн бүр, өрх бүр ногоон байгууламж тарьж ургуулан тав тухтай амьдраасай гэж хүсэх байна” хэмээн эцэст нь тэрбээр хэллээ.

САЙНШАНДЫН “ХАЙНАНЬ”-Д 18 НЭР ТӨРЛИЙН 3000 ОРЧИМ МОД УРГУУЛЖЭЭ

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн