Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв, Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Монголын зөгийчдийн холбоодын дээд зөвлөл хамтран Зөгийн тоос хүртээлтээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэх төслийг нээлээ.
Энэ үеэр Засгийн газар, хамтрагчид болон түнш байгууллагуудад төслийг танилцуулж мэдээлэл хүргэв. Мөн оролцогч талууд төслийн хэрэгжилтэд техникийн дэмжлэг үзүүлэх, удирдан чиглүүлэх, хамтын ажиллагааг хангах тал дээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Тухайлбал, НҮБ-ын ХХААБ-ын үндэсний төслийн менежер А.Амгалан төслийн танилцуулгыг хийж, ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л.Чой-Иш “Зөгийн аж ахуйн хөгжүүлэхэд төрөөс баримталж буй бодлого” сэдвээр, Монголын зөгийчдийн холбоодын дээд зөвлөлийн тэргүүн Б.Занданхүү Монголын зөгийн аж ахуйн өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавьсан байна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас санхүүжүүлэн хэрэгжүүлэх “Зөгийн тоос хүртээлтээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх” техникийн хамтын ажиллагааны төсөл нь 2026-2027 онд хэрэгжинэ. Энэ хүрээнд тоос хүртээлт ба зөгийн аж ахуйг тогтвортой хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн Монгол Улсын хөдөө аж ахуйн үр ашиг ба экосистемийн дасан зохицох чадварыг сайжруулахад гол анхаарлаа чиглүүлэх аж.
Төслөөр балт ургамлын тариалалтын системийг нэвтрүүлж, зөгийн бэлчээр болон тоос хүртээлтийн үйлчилгээг нэмэгдүүлэх, зөгий үржүүлгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлж, менежментийг сайжруулснаар зөгийн бүлийн тоог нэмэгдүүлэх, зөгий үржүүлгийн менежмент болон эрүүл мэндийн хяналтыг бэхжүүлж зөгийн бал үйлдвэрлэл ба тоос хүртээлтийн үйлчилгээг нэмэгдүүлэх гэсэн гурван дэд зорилтыг хэрэгжүүлэн ажиллана.

