БРЮССЕЛЬ, 2026 оны тавдугаар сарын 29 /BTA/. Болгарын Ерөнхий сайд Румен Радев пүрэв гарагт Бельгийн нийслэл Брюссель хотноо НАТО, Европын Зөвлөл болон Европын Комиссын удирдлагуудтай уулзлаа.
Үдээс хойш тэрбээр Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч Антониу Кошта нартай дараалан уулзсан байна.
Европын Комиссын даргатай хийсэн уулзалтын дараах хэвлэлийн бага хурлын үеэр Р.Радев хэлэхдээ “Болгар улс төсвөө тогтворжуулах, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэх, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх тодорхой мөрийн хөтөлбөр бүхий Засгийн газартай боллоо” хэмээн мэдэгджээ.
Тэрбээр Европын Зөвлөлийн Ерөнхийлөгч А.Коштатай Европын Холбоонд тулгамдаж буй сорилтуудын талаар хэлэлцсэнийхээ дараа мэдэгдэхдээ, дараагийн олон жилийн төсвийг боловсруулах явцад ЕХ “шударга, тэнцвэртэй шийдэл”-д хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Ерөнхий сайд Р.Радев мөн Брюссель хотноо НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй уулзаж, аюулгүй байдал, батлан хамгаалахын асуудлуудыг хэлэлцжээ.
Бельгид хийсэн айлчлалынхаа хүрээнд тэрбээр дэвшилтэт хагас дамжуулагч технологийн судалгаа, инновацын чиглэлээр дэлхийд тэргүүлэгч Бельгийн өндөр технологийн судалгааны IMECтөвийн Левен хот дахь төв байранд зочилсон байна.