Профессор Цүжимото: Байгальд ээлтэй атлаа ухаалаг COP17

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 24 //. Япон Улсын Тоттори их сургуулийн ерөнхийлөгчийн зөвлөх, хүндэт профессор, хөдөө аж ахуйн ухааны доктор Цүжимото Хисашитай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурал /COP17/-ын талаарх сэтгэгдэл болон судалгааных нь ажлын үр дүнгийн талаар ярилцлаа.

-Таны судалгааны гол чиглэл нь эрс тэс нөхцөлд ургах чадвартай сорт гарган авах гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Одоогоос 8–10 мянган жилийн өмнө өнөөгийн Турк, Ираны нутаг орчимд ан агнуур хийж байсан хүмүүс зэрлэг буудайг тарьж эхэлсэн. Ингэж газар тариалан үүсэж, хүмүүс олон үеийн турш тариалсны үр дүнд зэрлэг буудай аажмаар өнөөгийн таримал улаан буудайн төрх, шинж чанартай болсон.

Ялангуяа XX зуунд шинжлэх ухаан, технологи хөгжихийн хэрээр ашигтай шинж чанартай ургамлыг эрлийзжүүлэн шилж сонгож, шинэ сорт гаргах селекцийн арга эрчимтэй хөгжсөн. Үүний үр дүнд өндөр ургацтай, чанар сайтай олон сорт бий болж, улаан буудай өнөөдөр талх, гоймон, жигнэмэг зэрэг бидний өдөр тутмын хүнсний салшгүй хэсэг болжээ.

Гэвч улаан буудайг тасралтгүй сайжруулсаар ирсний улмаас одоо байгаа генетикийн нөөцөд тулгуурлан цаашид ахиц гаргах боломж улам хязгаарлагдаж байна. Үүний зэрэгцээ уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан уламжлалт сортуудын ургах нөхцөл муудаж эхэллээ. Хэт халах, ойр ойрхон ган гачиг тохиолдох, Судан зэрэг бүс нутагт агаарын температур улам нэмэгдсэн зэргээр дэлхийн олон оронд улаан буудай тариалах хүндрэлтэй болж байна.

Зэрлэг ургамлын тэсвэртэй чанарыг улаан буудайд шингээх нь

Тиймээс би зэрлэг ургамлуудад анхаарлаа хандуулсан. Газар тариалан эрхлэхэд туйлын хүнд нөхцөлд ч ойр орчимд ургадаг зэрлэг ургамлууд хэвийн ургасаар байдаг. Энэ нь тэдгээр ургамалд халуун, хуурайшилт зэрэг эрс тэс орчныг тэсвэрлэхэд шаардлагатай олон ген байгааг илтгэнэ.

Иймээс зэрлэг төрөл зүйлийг таримал улаан буудайтай эрлийзжүүлж, тэсвэртэй шинж чанарыг нь хариуцдаг генийг таримал улаан буудайд шилжүүлбэл халуун, хуурайшилтад тэсвэртэй шинэ сорт гаргах боломжтой гэж үзсэн.

Бид зэрлэг зүйлийн генийг улаан буудайд оруулж, олон тооны шинэ шугам гарган авсан. Мэдээж зэрлэг ургамлын бүх ген ашигтай биш. Сайн шинж чанартай генээс гадна хүсээгүй шинжийг агуулсан ген ч олон бий. Тиймээс тэдгээрээс хамгийн ашигтайг нь сонгон авч, цаашид сайжруулах шаардлагатай. Судалгааны үр дүнд бий болсон материалаас тариаланчид бодитоор тариалах боломжтой сорт гарган авахад ойролцоогоор 15 жил шаардагддаг.

-Суданд хийсэн таны судалгаагаар ургац 30 орчим хувиар нэмэгдсэн гэсэн. Өөр ямар үр дүн гарсан бэ?

-Үүнийг “зэрлэг зүйлтэй эрлийзжүүлсэн шинэ сортыг тариалмагц ургац шууд 30 хувиар нэмэгдэнэ” гэж ойлгож болохгүй.

Бид ирээдүйн сортын шинэчлэлд ашиглах, тэсвэрлэх чадвар өндөртэй селекцийн эх материал гарган авч байгаа юм. Гэхдээ зөвхөн тэсвэртэй байх нь хүнсний бүтээгдэхүүнд хангалтгүй. Амт чанар сайтай байхаас гадна гурилын технологийн шаардлага хангасан байх ёстой. Тухайлбал, талх хийхэд сайн хөөж, зохих бүтэцтэй болох зэрэг олон үзүүлэлт чухал.

Одоогоор бид эдгээр шинж чанарыг нэг бүрчлэн шалгаж, судалгаагаа үргэлжлүүлж байна. Харин Суданд чанартай үрийн хэрэглээг нэвтрүүлснээр тариаланчдын бодит талбайн туршилтаар ургац 35 хувиар нэмэгдсэн үр дүн бий.

-Улаан буудай тариалагчид дараа жилийнхээ үрийг хэрхэн бэлтгэдэг вэ?

-Улаан буудай ч бай, төмс ч бай ургацаа бүгдийг нь хүнсэндээ хэрэглэвэл дараа жил тарих үр үлдэхгүй шүү дээ. Улаан буудайн хувьд тариаланчид хураасан ургацынхаа тодорхой хэсгийг үрэнд зориулан хадгалж, дараа жил нь тарьдаг. Суданд ч энэ арга түгээмэл. Гэвч нэг талбайгаас авсан үрийг жил бүр хадгалан дахин ашиглахад тодорхой асуудлууд үүсдэг. Жишээлбэл, хог ургамлын үр, өөр сортын үр холилдох эрсдэлтэй. Анх чанартай, сайн сорт байсан ч үрээ олон жил дараалан өөрийн талбайгаас авч ашиглах явцад шинж чанар нь аажмаар алдагдаж болно. Тиймээс бид мэргэжилтнүүдийн хяналттай тусгай талбайд хог ургамал болон өөр сортын хольцгүй, чанарын шаардлага хангасан үр үйлдвэрлэж, тариаланчдад ашиглуулахыг зорьсон.

Гэвч эхэндээ тариаланчдыг итгүүлэх амаргүй байлаа. Тэд өөрсдийн талбайгаас авсан үрээ үнэ төлбөргүй ашиглаж болдог учраас “Яагаад заавал мөнгө төлж шинэ үр худалдаж авах ёстой вэ?” гэж асууж байсан. Тиймээс бид эхний ээлжид үрийг үнэ төлбөргүй өгч, бодитоор харьцуулан турших санал тавьсан. Зэрэгцээ хоёр талбайн нэгд нь өмнө хэрэглэж байсан үрийг, нөгөөд нь бидний нийлүүлсэн чанартай үрийг тарьсан. Бордоо болон бусад нөхцөлийг аль болох ижил байлгасан.

Ургац хураахад бидний нийлүүлсэн үрийг ашигласан талбайгаас илт өндөр ургац авсан. Тариаланчид ялгааг өөрсдийн нүдээр харсны дараа л үр дүнд итгэсэн. Улмаар “Шинэ үр авъя” гэж хүсдэг болсон.

Шинэ үрийг эхлээд мөнгөөр худалдан авах шаардлагатай ч ургац нь мэдэгдэхүйц нэмэгдэж байвал тариаланчдад эдийн засгийн бодит өгөөжтэй. Гэхдээ тариаланчдын хэрэгцээг хангах үрийн хэмжээ одоогоор хязгаарлагдмал байна. Тиймээс хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран чанартай үрийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

ТАРИАЛАНЧДЫН ИТГЭЛИЙГ ОЛЖ АВАХАД ТАВАН ЖИЛ ЗАРЦУУЛЖЭЭ

-Тариаланчид шинэ үрийн үр дүнд итгэх хүртэл хэр хугацаа шаардсан бэ?

-Ойролцоогоор 4–5 жил зарцуулсан. Бид судалгаагаа эхлүүлсэн цагаасаа ирээдүйд ашиглах шинэ сорт гарган авахаар ажиллаж байсан. Гэхдээ хэчнээн сайн сорт бүтээсэн ч тариаланчид тухайн үрэнд итгэж, ашиглахгүй бол шинжлэх ухаан, технологийн ололт нийгэмд нэвтрэхгүй. Тариаланчид шинэ технологийг шууд хүлээн авахгүй гэдгийг бид анхнаасаа ойлгож байсан. Тиймээс шинэ сорт бэлэн болох үед шууд түгээх суурийг одооноос бүрдүүлэхийн тулд “Чанартай үр ашиглавал ургац нэмэгддэг” гэдгийг тариаланчдад ойлгуулахыг зорьсон. Эхэндээ хэчнээн тайлбарласан ч тэд төдийлөн итгээгүй. Тиймээс “Хоёр талбайд зэрэгцүүлэн тариад, үр дүнг нь өөрсдөө харьцуулж үзээрэй” гэж санал болгосон.

Ургац хураахад ялгаа маш тодорхой байсан. Үр дүнг өөрсдийн нүдээр харсан тариаланчдын хандлага өөрчлөгдөж, “Бид энэ үрийг авмаар байна” гэх болсон.


-Монгол Улстай ямар чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэж та үзэж байна вэ?

-Энэ удаа Дархан дахь хөдөө аж ахуйн судалгааны байгууллагад зочилсон. Тэнд маш сайн туршилтын талбайтай бөгөөд ургамлын селекцийн судалгаа идэвхтэй хийж байлаа. Өмнө нь Монголын судлаачид болон манай хүрээлэнгийн хооронд төдийлөн өргөн харилцаа байгаагүй. Харин энэ удаа судлаачидтай нь уулзаж ярилцахад бидэнтэй маш ойролцоо чиглэл, зорилгоор судалгаа хийж байгааг мэдсэн. Тиймээс “Цаашид хамтарч судалгаа хийцгээе” гэж ярилцаад ирсэн. Монголын судлаачидтай хамтран ажиллах бүрэн боломж байна гэж үзэж байна.

-Сүүлийн үед Монголд “Улаан буудай эрүүл мэндэд муу”, “Гурилан бүтээгдэхүүн хэрэглэвэл таргална” гэх яриа сонсогдох болсон. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Улаан буудай бол дэлхийн хамгийн чухал таримлын нэг. Хүн төрөлхтний хүнсээрээ авдаг нийт уураг болон илчлэгийн ойролцоогоор 20 хувийг улаан буудай хангадаг. Мэдээж улаан буудайнаас харшилдаг, эсвэл тодорхой өвчний улмаас хэрэглэх боломжгүй хүн бий. Гэхдээ ийм хүн харьцангуй маш цөөн бөгөөд энэ нь тухайн хүний биеийн онцлог, өвчний нөхцөлтэй холбоотой.

“Улаан буудайг хүн төрөлхтөн олон жилийн турш сайжруулж ирсэн учраас эрүүл мэндэд муу болсон” гэх ойлголтыг заримдаа түгээдэг ч энэ нь үнэн биш юм. Сүү ууж чаддаггүй, өндөг идэж болдоггүй хүн байдагтай адил тодорхой хүмүүс улаан буудай хэрэглэж чаддаггүй. Харин ямар нэгэн харшил, өвчингүй олонхын хувьд улаан буудай бол чухал хүнс юм.

-Та COP17 бага хуралд ямар хүлээлттэй оролцсон бэ?

– Дэлхийн хүн ам үргэлжлэн өсөж байна. Тиймээс цаашид улам их хүнс үйлдвэрлэх шаардлагатай. Гэвч дэлхий дээр газар тариаланд ашиглах боломжтой газрын хэмжээ хязгаартай. Хөдөө аж ахуй өргөн уудам газар нутаг ашигладаг учраас байгаль орчинд ихээхэн ачаалал учруулдаг. Тухайлбал, том хэмжээний тариалангийн талбайд их хэмжээний ус хэрэглэвэл газрын доорх усны нөөц багасах эрсдэлтэй. Мөн химийн бордоог хэт их, удаан хугацаанд хэрэглэвэл хөрсөнд сөрөг нөлөө үзүүлнэ.

Өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуйн гол зорилго нь хүнсний үйлдвэрлэл, ургацыг нэмэгдүүлэхэд чиглэж ирсэн. Харин цаашид энэ хандлагыг өөрчлөх шаардлагатай. “Байгаль орчинд сөрөг нөлөө учруулахгүйгээр хүн төрөлхтний хэрэгцээг хангах хэмжээний хүнсийг хэрхэн үйлдвэрлэх вэ?” гэдэг нь ирээдүйн хөдөө аж ахуйн өмнө тулгарч буй хамгийн чухал асуудлын нэг.

Дэлхийн хүн ам 2050 он хүртэл өснө гэж тооцоолж байна. Үүнийг дагаад хүний үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх ачаалал улам нэмэгдэнэ. Үйлдвэрлэл болон авто машин байгаль орчинд сөрөг нөлөөтэйг хүмүүс сайн ойлгодог. Гэхдээ хөдөө аж ахуй ч мөн байгаль орчинд ихээхэн ачаалал учруулдаг салбар юм.

Тиймээс байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг аль болох бууруулахын зэрэгцээ хүн төрөлхтөнд шаардлагатай хүнсийг хэрхэн үйлдвэрлэх талаар бодит шийдэл олох ёстой. Энэ бол COP17-гоор хэлэлцэж буй хамгийн чухал сэдвүүдийн нэг гэж бодож байна.

-COP17-д оролцсон сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Надад хамгийн их сэтгэгдэл төрүүлсэн зүйл бол хурлын зохион байгуулалт бүхэлдээ байгальд ээлтэй байсан явдал юм.

Тухайлбал, хоолны таваг, халбага, сэрээ зэрэгт хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг аль болох багасгаж, био гаралтай материал болон модон бүтээгдэхүүн ашигласан байлаа. Өмнө нь COP-д оролцохдоо олон төрлийн бэлэг, дурсгалын зүйл авч байсан. Гэвч тэдгээрийн зарим нь эцэстээ хог хаягдал болдог. Харин энэ удаагийн хуралд ийм зүйл цөөн, зохион байгуулалт нь энгийн атлаа ухаалаг санагдсан.

COP бол хүний үйл ажиллагааг цаашид хэрхэн тогтвортой болгох талаар хэлэлцдэг талбар. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэж буй хурал өөрөө ч байгальд ээлтэй байх учиртай. COP17-г зохион байгуулагчид үүнийг маш сайн ойлгож, хурлын үйл ажиллагаандаа бодитоор хэрэгжүүлжээ гэж бодож байна.

МОНГОЛЫН ЦӨЛЖИЛТ БА ШАР ШОРООН ШУУРГА


-Та өмнө нь Монголын байгаль орчны асуудлаар судалгаа хийж байсан уу?

-Манай хүрээлэн Монгол Улстай олон жилийн турш нягт холбоотой ажиллаж ирсэн. Судалгааны гол чиглэл нь хөдөө аж ахуй гэхээсээ илүү шар шороон шуурга болон экосистемтэй холбоотой.

Монголоос Япон руу шар шороо салхиар дамжин очдог. Яагаад Монголоос шар шороо дэгдэж, Японд хүрдэг талаар бид олон жил судалсан. Энэ удаа хамт ирсэн профессор Куросаки ч Монголын шар шороон шуургыг судалдаг. Өвөл цас багатай жил газрын гадарга хүчтэй салхинд ил гарч, шар шороо дэгдэх нөхцөл нэмэгддэг зэрэг олон зүй тогтлыг бид тогтоосон. Үүний цаана оршиж буй хамгийн чухал асуудлын нэг нь цөлжилт юм.

Монголын бэлчээрийн ургамал, өвсний бүрхэвч хангалттай байвал хөрс салхинд хийсэх нь багасна. Тиймээс шар шороон шуурганы асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн газар тариалан бус, тал хээрийн экосистем болон газрын төлөв байдлыг хамгаалах нь чухал.

Өмнө нь Монголд хамтран ажиллах, ижил чиглэлийн судалгаа хийдэг түнш олоход амаргүй байсан. Харин энэ удаа Дарханд бидэнтэй ижил төстэй судалгаа хийж буй эрдэмтэдтэй уулзаж чадлаа. Энэ нь цаашдын хамтын ажиллагааны томоохон эхлэл болно гэж найдаж байна.

Профессор Цүжимото: Байгальд ээлтэй атлаа ухаалаг COP17

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн