ОХУ-ын Чита хотод Олон улсын хүүхдийн спортын ХII наадам энэ сарын 20-нд эхэлнэ.

Долоон өдөр үргэлжлэх тус наадамд манай улсаас спортын найман төрөлд 11 дасгалжуулагчийн удирдлага дор 81 тамирчин өрсөлдөхөөр хойд хөршийг зорьж байна. Баг тамирчдыг үдэн гаргах ёслол БТСУХ-ны хүндэтгэлийн танхимд өчигдөр болж, ССАЖЗЯ-ны Биеийн тамир, спорт, залуучуудын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Жаргалсайхан, БТСУХ-ны дарга Э.Билэгт тэргүүтэй албаныхан оролцжээ.

Д.Жаргалсайхан дарга тамирчдад хандаж хэлсэн үгэндээ, “Олон улсын хүүхдийн спортын наадам нь өсвөрийн тамирчдын спортын амжилт, өрсөлдөх ур чадварыг сорих, туршлага хуримтлуулах, үндэсний шигшээ багийн тамирчдын залгамж халааг нээн илрүүлэх, улмаар үндэсний өв соёл, ёс заншлаа харилцан сурталчилж, мартагдашгүй олон сайхан дурсамжийг бүтээх боломжийг олгодог билээ. Монгол улсаасаа шалгарсан тамирчин та бүхэн энэхүү наадамдаа өндөр амжилт үзүүлж, сахилга батыг эрхэмлээрэй” гэв.

Энэхүү наадмыг Монголд 2009, 2013, 2024 онд зохион байгуулсан бол БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хот 2010, 2014, Ордос 2018 онд, Бугат, Баяннуур хот 2025 онд, ОХУ-ын Буриадын Улаан-Үд 2011, 2015, Чита хот 2019 онд хүлээн авчээ. Харин ОХУ-ын Чита хот долоон жилийн дараа дахин энэхүү наадмыг нутагтаа зохион байгуулж байгаа нь энэ юм.

Монголын нэртэй тамирчид болох 2010 оны чөлөөт бөхийн Залуучуудын олимпын анхны алтан медальт Б.Батцэцэг, ДАШТ-ий алт, хүрэл медальт, гавьяат тамирчин П.Орхон, жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар, ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, боксын ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар, өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, “Парис-2024” олимпын оролцогч Б.Хонгорзул, ДАШТ-ий хүрэл медальт Б.Мишээлт зэрэг ирээдүйн тив, дэлхийн медальтнуудын амжилтын гараа энэхүү наадмаас эхлэлтэй билээ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн