ИСТАНБУЛ, 2026 оны тавдугаар сарын 29 /Anadolu/. Америкийн хэвлэлүүдэд мэдээлснээр, хэлэлцээнд оролцож буй АНУ, Ираны төлөөлөгчид гал зогсоох хугацааг 60 хоногоор сунгах, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх хэлэлцээг эхлүүлэх талаар тохиролцоонд хүрчээ.
Гэхдээ уг тохиролцоог АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп эцсийн байдлаар дэмжих эсэхийг хүлээж байна.
Axios цахим хуудсанд Америкийн хоёр албан тушаалтны ярьсныг эш татан бичсэнээр, хоёр тал тохиролцоонд хүрсэн нь үнэн ажээ. Хэлэлцээний явцын талаар тэд мэдээлэл өгөхдөө, гал зогсоох гэрээний эх бичвэрийн талаар талууд мягмар гарагт тохиролцоонд хүрсэн бол хоёр улсын удирдагчид үйл явцыг анхааралтай ажиглаж, дүн шинжилгээ хийсэн гэдгийг хэллээ. Мөн Иран улс гэрээнд гарын үсэг зурахад бэлэн байна гэдгээ мэдэгдсэн хэмээн Америкийн албаны хүмүүс хэлсэн боловч Ираны тал үүнийг батлаагүй байна. Хэрвээ гэрээнд гарын үсэг зурвал Ормузын хоолойг нээж, худалдааны хөлөг онгоцууд саадгүй зорчих боломжтой болох бөгөөд үүний хариуд АНУ-ын тал Ираны боомтуудыг бүслэн хаахаа зогсоох ажээ.
Харин Д.Трампын засаг захиргаа энэ талаар албан ёсны мэдэгдэл гаргаагүй байна. Мөн Ираны Tasnim агентлагийн мэдээлснээр, хоёр талын “харилцан ойлголцлын протокол”-ын бичвэр бэлэн болсон гэх мэдээллийг Ираны төлөөлөгч няцаажээ.