Казахстаны анхны АЦС-ыг “Росатом” корпорац барина

АСТАНА, 2026 оны тавдугаар сарын 29 /DW/. Астанад хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний айлчлалын хүрээнд Казахстанд анхны атомын цахилгаан станц /АЦС/ барих тухай засгийн газар хоорондын хэлэлцээрт ОХУ, Казахстаны талууд өчигдөр гарын үсэг зуржээ.

Гарын үсэг зурах ёслолын үеэр Казахстаны Ерөнхийлөгч К.Ж.Токаев мэдэгдэхдээ “энэхүү өргөн цар хүрээтэй төсөл бол шинжлэх ухаан, боловсрол, технологийн хамтын ажиллагааг урагшлуулах зүтгүүр хүч бөгөөд эрчим хүч, аж үйлдвэрийн шинэ салбаруудын хөгжлийг хангана” гэлээ. Хариуд нь В.Путин хэлэхдээ, Казахстанд барих АЦС бол эрчим хүчний салбар дахь хоёр талын хамтарсан гол төсөл гэдгийг онцлон тэмдэглэжээ.

Казахстаны Цөмийн эрчим хүчний агентлагийн захирал Алмасадам Саткалиевийн ярьснаар, төслийн өртөг 16.5 тэрбум орчим долларт хүрч магадгүй байна. 

Казахстанд АЦС барих тухай асуудал 1990-ээд оны сүүлчээс яригдсаар ирсэн боловч өдийг хүртэл төслүүд хэрэгжээгүй ажээ. Учир нь, Зөвлөлтийн үед Семипалатинскийн туршилтын талбайд хийж байсан цөмийн туршилтуудын сөрөг нөлөөний улмаас тус улсад атомын технологийг эсэргүүцэгчид цөөнгүй байдаг.  Үүнээс шалтгаалан 2024 оны 10 дугаар сард АЦС барих эсэх асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахад түүнд оролцогчдын 71 хувь станц барихыг дэмжсэн байна. Уг АЦС-ыг Алматы хотоос хойд зүгт орших Балхаш нуурын хөвөөнд 10 жилийн хугацаанд барихаар төлөвлөж байгаа бөгөөд төслийн өртөг нь 10-15 тэрбум доллар болно гэж шинжээчид тооцоолжээ.

Өнгөрсөн оны 6 дугаар сард Оросын “Росатом” корпорац уг АЦС-ыг барихаар олон улсын тендерт шалгарсан байна. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн