Нүдний нарийн мэс заслыг роботын тусламжтай гүйцэтгэж байна

Бээжин, 2026 оны тавдугаар сарын 15 //. Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг БНХАУ-ын Бээжин хотод байрладаг нано технологид суурилсан өндөр нарийвчлалтай автоматжуулалтын систем хөгжүүлэгч компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус компани дулаан, гэрэл, цахилгаан, соронзон орон зай зэрэг физикийн олон төрлийн технологийг нэгтгэсэн орчин үеийн шинжлэх ухааны шийдэлд тулгуурлан нано түвшний автоматжуулалтын систем хөгжүүлдэг байна. Ялангуяа экстрим орчинд нано түвшний хөдөлгөөний хяналтын бүрэн шийдэл нэвтрүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлжээ.

Компанийн гол бүтээгдэхүүн нь нано түвшний өндөр нарийвчлалтай хөдөлгөөний платформ бөгөөд нэг удаагийн хөдөлгөөний нарийвчлал нь нанометр, зарим тохиолдолд атомын түвшинд хүрдэг аж. Ингэснээр атомын хэмжээнд хүртэл нарийвчлалтай хяналт хийх боломж бүрддэг байна.

Эдгээр технологийг эмнэлгийн мэс заслын робот, нарийвчлалтай оптик систем, лазерийн чиглүүлэгч, өндөр зэрэглэлийн үйлдвэрлэл, материал боловсруулах зэрэг олон салбарт ашиглаж байгаа юм. Мөн өндөр нарийвчлал шаардсан бүхий л орчинд бүтээгдэхүүнүүд нь хэрэглэгдэж байна.

Тус компанийн хөгжүүлсэн нано технологид суурилсан бүтээгдэхүүнүүдэд өндөр нарийвчлалтай хөдөлгөөн хэмжигч, гэрлийн долгионыг 4К хүртэл бууруулах боломжтой технологи, чичирхийллийг 5 нанометрийн түвшинд хянах систем зэрэг багтаж байна.

Одоогоор нано хөдөлгөөний чиглэлээр 200 гаруй стандарт бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ба бүтээгдэхүүнийх нь 90 гаруй хувь бодит хэрэглээнд нэвтэрчээ. Судалгаа, хөгжүүлэлтийн хүрээнд “Супер нарийвчлалтай хөдөлгөөн судалгааны лаборатори” ажиллуулж, тогтмол шинжлэх ухааны туршилт хийдэг байна. Өндөр нарийвчлалтай нано технологийн бүтээгдэхүүнүүд нь эмнэлгийн тоног төхөөрөмж, хагас дамжуулагчийн үйлдвэрлэл зэрэг стратегийн ач холбогдолтой салбарт өргөн хэрэглэгдэж байгаа аж.

Тухайлбал, тус компани нүдний 0.2 миллиметрийн нарийн судсыг өндөр нарийвчлалтай оёх боломжтой роботыг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлжээ. Энэхүү робот нь нүдний мэс заслын эмчийн туслах байдлаар ашиглагдаж байгаа бөгөөд хүний гарын хөдөлгөөнөөс илүү тогтвортой, нарийн ажиллагаа гүйцэтгэх чадвартай гэдгээрээ онцлог юм.

Нүдний нарийн мэс заслыг роботын тусламжтай гүйцэтгэж байна

Мөн эрүүл мэндийн салбарт ашиглах зориулалттай нано технологид суурилсан 100 гаруй бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлээд байна. 2015 онд 13 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан тус компани 200 гаруй ажилтантай болж өргөжжээ. Тэдгээрийн 90 орчим нь доктор, магистрын зэрэгтэй судлаачид байна.

Компанийн танилцуулгадаа “Бид хамгийн жижиг биетийг бүтээж, судалдаг. Үйл хөдлөл, орон байршлын маш бага хэмжигдэхүүнийг нарийн тодорхойлох бүтээгдэхүүн хөгжүүлдэг” хэмээн онцлов. Мөн 2021-2025 онд компанийн орлого 11 дахин өссөн бөгөөд бүтээгдэхүүнүүд нь микроскопоор ч харахад хүндрэлтэй бичил биет, хөдөлгөөнийг өндөр нарийвчлалтай хэмжих боломж олгож буйгаараа онцлог ажээ.

Нүдний нарийн мэс заслыг роботын тусламжтай гүйцэтгэж байна

Нүдний нарийн мэс заслыг роботын тусламжтай гүйцэтгэж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн