Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 24 //. Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг нийслэлийн Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжүүлж байна. Тус төсөл 60 гаруй га талбайг хамрах бөгөөд нийт 5000 айлын орон сууцыг хоёр үе шаттай барих юм.
Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Шархад дэд төвд хэрэгжүүлж буй ногоон орон сууц төслийн талбайд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өнөөдөр ажиллалаа. Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй энэхүү төслийн хүрээнд Шархад дэд төвд нийт гурван га талбайд 338 айлын ногоон орон сууц бүхий эко хорооллыг байгуулж, гэр хорооллын бүсийг орон сууцжуулна. Төслийн нийт орон сууцны 10 хувьд тусгай хэрэгцээт иргэдийг хамруулахаар төлөвлөжээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тус төвд барьж буй эхний ээлжийн дөрвөн блок 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил бүрэн дуусаж, 2026 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн. Төслийн 2 дугаар ээлжийн зургаан блок 228 айлын ногоон орон сууцны барилга угсралт 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээр орон сууц хамгийн орчин үеийн EDGE стандартаар барьж байгаагаараа онцлогтой. Төслийн явцад тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэнэ. Ногоон орон сууц төсөл амжилттай хэрэгжсэнээр гэр хорооллын 8000 өрхийн яндан, 5000 айлын нүхэн жорлонг цэгцэлнэ. Энэхүү орон сууцны айл бүрд дулааны тоолуур суурилуулж өгснөөрөө онцлогтой. Ингэснээр дулааны хэрэглээг багасгаж, эрчим хүч хэмнэх давуу талтай юм” гэв.
Мөн энэ үеэр төслийг хэрэгжүүлэхэд БЗД-ийн 16, 19 дугаар хорооны ариутгах татуургын шугамыг өргөтгөн шинэчлэх ажил болон газар чөлөөлөлтийн асуудал тулгарч буйг Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Төслийн дэд зохицуулагч Б.Хишигтогтох хэлсэн байна.
Шархад дэд төв төслийн хүрээнд барьж буй орон сууц болон худалдаа, үйлчилгээний талбай нь олон улсын ногоон барилгын үнэлгээний EDGE системийн шаардлагыг хангаж, гэрчилгээ авчээ. Энэ барилгыг бусадтай харьцуулахад эрчим хүчийг 25 хувиар хэмнэх тооцоотой. Усны хэмнэлт 20-25 хувь, барилгын материалд шингэсэн эрчим хүчний хэмнэлт 20-25 хувь байх аж. Ингэснээр оршин суугчид ашиглалтын зардал багатай үл хөдлөх хөрөнгийн эзэд болох талаар НЗДТГ-аас мэдээлэв.
