Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 16 //. Уран бүтээлч Б.Хүрэлбаатар анхны бие даасан “Нар цэцэг” үзэсгэлэнгээ “Б контемпорари арт галерей”-д толилуулж байна.
Түүний бүтээлүүд барзгар фактур, хурц өнгө, давхарласан бийрийн хөдөлгөөнүүд нь уран бүтээлчийн дотоод мэдрэмж, амьдралын сорилтыг даван туулах тэсвэр хатуужил, итгэл найдварын илэрхийлэл болж, бүтээл бүрт өвөрмөц сэтгэл хөдлөлийн орон зайг бүрдүүлэх юм.
Мөн гоо сайхныг төгс дүрслэхээс илүүтэй амьд үлдэх, босох, гэрэлд хүрэх гэсэн хүний дотоод тэмцлийг илэрхийлсэн байна. Барзгар фактур, хурц тод өнгө, давхарласан бийрийн мөр бүр нь сэтгэлийн зөрчил, шаналал төдийгүй итгэл найдварын ул мөрийг мэдрүүлнэ. Наранцэцэг бүр даван туулсан нэгэн сорилтыг санагдуулах бол иш, навчис нь тэсвэр хатуужлыг бэлгэдэж байгаа юм.
Үзэсгэлэнд тосон будаг, акрилк болон усан будгийн техникээр бүтээсэн, өнгө зохиомжийн сонирхолтой шийдэл бүхий 40 гаруй уран бүтээл дэлгээд байна. “Нар цэцэг” нь байгаль дахь нэгэн цэцгийг дүрслэхээс илүүтэй харанхуй дундаас гэрэл рүү тэмүүлэх хүний дотоод ертөнц, амьдрах хүслийн бэлгэдэл болон илэрхийлсэн аж.
Тус үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.

