М.Нурбол: Тэтгэлэг надад боломжоос илүү хариуцлага авчирсан

“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгийн анхны эзэд эх орондоо эргэн ирж, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж эхлээд байна. Тэдний нэг Геодези, усны барилга байгууламжийн газрын Усны барилга байгууламжийн инженер Махаватын Нурболын хувьд энэ тэтгэлэг нь зөвхөн гадаадад суралцах боломж бус, эх орныхоо усны салбарт хувь нэмэр оруулах томоохон хариуцлагын эхлэл болжээ. Тэрбээр Унгарт суралцсан он жилүүд, даван туулсан сорилтууд болон Монголын усны салбарын ирээдүйн талаарх зорилтоо бидэнтэй хуваалцлаа.

-“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт шалгарснаа мэдсэн тэр мөчид танд хамгийн түрүүнд ямар мэдрэмж төрсөн бэ?

-“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрт шалгарснаа би нэг өглөө мэдсэн. Сэрээд утсаа шалгатал манай ангийн групп чат, фэйсбүүк, инстаграмаар найзууд маань “Баяр хүргэе” гэсэн маш олон мессеж бичсэн байсан. Эхэндээ би огт итгээгүй. Тэр үед ШУТИС-д Уул уурхайн инженерийн мэргэжлээр суралцаж байсан тул хичээлээсээ хоцрох шахан яарч явсан юм. Олон мессеж ирснийг хараад “Замдаа явж байхдаа уншъя” гэж бодоод гэрээсээ гарсан. Тухайн үед өвөл байсан болохоор гудамжаар алхаж явахдаа мессежүүдээ нэг бүрчлэн уншиж эхэлсэн. Тэгтэл ангийн багшаас хүртэл “Баяр хүргэе” гэсэн мессеж ирсэн байсныг хараад л энэ бүхэн үнэн юм байна гэдэгт итгэсэн. Юу болоод байгааг ч сайн ойлгохгүй, хамгийн түрүүнд хэнд хэлэхээ ч мэдэхгүй байсан. Тэгээд хамгийн түрүүнд аав, ээж рүүгээ залгаж, баярт мэдээгээ дуулгасан. Эргээд бодоход тухайн үед болж буй зүйлд бүрэн итгэж чадахгүй байсан. Маш их баяртай байсан ч яг тэр мөч бодит мэт санагдахгүй, зүүдэлж байгаа юм шиг л мэдрэмж төрж байлаа. Гэхдээ тэр баяр хөөрийн зэрэгцээ надад маш том хариуцлага ирж байгааг ч ойлгосон. “Одоо тэтгэлгээ авлаа, дараа нь гадаадад суралцана, их сургуулиа амжилттай төгсөнө, эх орондоо эргэн ирж ажиллана” гэж бодох бүрд энэ бүхэн миний өмнө асар том үүрэг хариуцлага, бас итгэл найдварыг авчирч байгааг хамгийн хүчтэй мэдэрч эхэлсэн.

М.Нурбол: Тэтгэлэг надад боломжоос илүү хариуцлага авчирсан

-Монгол Улсад хамгийн хэрэгтэй мэргэжлүүдийн нэгийг сонгох шийдвэрт тань нөлөөлсөн гол хүчин зүйл юу байсан бэ?

-Мэргэжлээ сонгохдоо аав, ээж болон найзуудтайгаа ярилцсан. Би өөрөө багаасаа компьютерын чиглэлд их сонирхолтой байсан. Гэхдээ зөвхөн компьютер эзэмшихээс гадна ирээдүйд бодитой бүтээн байгуулалт хийх, хүмүүст хэрэгтэй мэргэжил эзэмших хэрэгтэй гэж бодсон. “Би дөрөв, таван жилийн дараа сургуулиа төгсөөд эх орондоо ирэхэд Монгол Улсад ямар салбар илүү хэрэгтэй байх бол?” гээд л… Тэгээд усны инженер, тэр дундаа усжуулалт, байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр ажиллах нь ирээдүйтэйгээс гадна Монгол Улсад маш хэрэгтэй салбар юм байна гэж үзсэн. Аав, ээжтэйгээ зөвлөлдөж байгаад Унгарын Веспрем хотод байрладаг Паннон их сургуульд усжуулалтын инженерийн мэргэжлээр сурахаар шийдсэн. Веспрем хот нь нийслэл Будапештээс ойролцоогоор 40 минутын зайтай байдаг. Сургуульдаа очоод хамгийн анх олон улсын оюутнуудтай нэг ангид орсон. Тэр хүртэл миний эргэн тойронд байгаа бүхэн монгол хэлтэй, танил орчин байсан бол гэнэт л өөр өөр улсын, өөр өөр хэл соёлтой хүмүүстэй хамт суралцах болсон нь надад цоо шинэ мэдрэмж, бас том сорилт болж байлаа.

-Гадаадад байх хугацаанд таны хамгийн том “эргэх цэг” болсон үйл явдал юу байсан бэ?

-Гадаадад суралцсан он жилүүд намайг маш их өөрчилсөн. Өмнө нь би хичээлээ хийгээд л гэртээ харьж амарч, унтдаг, нэг их санаачилга гаргадаггүй хүүхэд байсан бол ганцаараа гадаад оронд очоод бүх зүйл өөр болсон. “Орой боллоо, унт” гэж хэлэх хүн байхгүй. “Даалгаврын чинь хугацаа дуусах гэж байна, хурдлаарай” гэж сануулах багш ч байхгүй. Гадаадын багш нар оюутан бүрийг тусгайлан шахаж, шаардахгүй, зөвхөн өөрийнх нь хариуцлагад үлдээдэг. Эхэндээ энэ нь надад хэн ч анхаарал тавихгүй байгаа юм шиг санагдаж, бүр айдас төрүүлдэг байсан. Аав, ээжтэйгээ ярья гэхээр цагийн зөрөөнөөс болоод миний хичээл тарах үед Монголд аль хэдийн шөнө болж, тэд унтчихсан байдаг байлаа. Тэр үед би “Надад одоо хоёрхон сонголт байна. Нэг бол шантраад бууж өгнө, эсвэл өөрөө өөрийгөө дайчилж, бүх үүрэг даалгавраа цагт нь хийж, зорилгодоо хүрнэ” гээд зорилгодоо хүрэхийн төлөө хичээсэн. Үнэнийг хэлэхэд эхний үед ганцаардаж, шөнө дөлөөр нууцаар уйлсан үе ч бий. Гэхдээ тэр бүхнийг даван туулж, өөрийгөө хурцалж, улам бие дааж сурсан. Эцэст нь сургуулиа амжилттай төгсөхөд тэр бүх сорилт намайг өнөөдрийн хүн болоход хамгийн их нөлөөлсөн гэж боддог.

М.Нурбол: Тэтгэлэг надад боломжоос илүү хариуцлага авчирсан

-Өнөөдөр таны хийж буй ажил Монголын усны салбарын ирээдүйд ямар өөрчлөлт авчирна гэж та харж байна вэ?

-Би “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлгээр гадаадад суралцах хөтөлбөрт хамрагдсан эхний ээлжийн оюутнуудын нэг. Тийм болохоор дараа дараагийн жилүүдэд энэ боломжийг хүртэж байгаа оюутнуудад хэлэх зүйл байдаг. Юуны өмнө, ямар ч улсад очсон тухайн орноо битгий голоорой. Ямар ч мэргэжил сонгосон түүнийгээ ч бас битгий голоорой. Суралцах хугацаанд эргэлзэх үе заавал гардаг юм билээ. Миний хувьд усжуулалтын инженерийн мэргэжлийг сонгосон ч төсөөлж байснаас тэс өөр хичээлүүд үзэж эхэлсэн. Миний бодсоноос илүүтэй хими, биологийн хичээлүүд түлхүү орж ирэхэд эхэндээ шантрах шахсан. “Би яагаад энэ мэргэжлийг сонгосон юм бол?” гэж өөрийгөө буруутгах үе ч байсан. Гэхдээ ийм бодолд автах хэрэггүй. Сонголтдоо эргэлзэж, өөрийгөө буруутгах тусам улам хэцүү болдог юм байна гэдгийг би өөрийн биеэр ойлгосон. Харин нэгэнт сонгосон замдаа тууштай байж, зорьсон зүйлээ дуусгаад эх орондоо эргэж ирэх нь хамгийн зөв шийдвэр байсан гэж боддог. Тиймээс дараагийн үеийн оюутнуудад “Битгий шантраарай, сонгосон замдаа тууштай байгаарай” гэж хэлмээр байна.

М.Нурбол: Тэтгэлэг надад боломжоос илүү хариуцлага авчирсан

Одоогоор би усжуулалтын инженерээр ажиллаж байна. Гэрээнийхээ дагуу таван жил ажилласныхаа дараа мэргэжлээ улам дээшлүүлж, химийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалахаар төлөвлөж байгаа. Ингэснээр зөвхөн усжуулалтын инженер биш, ус цэвэрлэх байгууламжийн технологи, усны чанарын хяналтын чиглэлээр ажиллах боломжтой болно. Одоо би ус хангамж, бохир ус зайлуулах болон борооны усны шугам сүлжээ хэрхэн ажилладгийг мэргэжлийн түвшинд мэддэг болсон.

Үүн дээрээ усны химийн боловсруулалт, цэвэршүүлэлтийн чиглэлээр мэдлэгээ гүнзгийрүүлж чадвал Монгол Улсын усны салбарт илүү бодитой хувь нэмэр оруулна гэж боддог.

Иргэдийн хэрэглээний төвлөрсөн усны систем найдвартай ажиллаж, засвар шинэчлэлийн үеэр ч усны тасалдал багасах, усны чанар улам сайжрах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсэж байна. Миний хамгийн том зорилго бол усны салбарын хөгжлийг дэмжиж, иргэдийг тасралтгүй, аюулгүй, чанартай усаар хангах үйлсэд өөрийн мэдлэг, ур чадвараа зориулдаг инженер болох юм.

М.Нурбол: Тэтгэлэг надад боломжоос илүү хариуцлага авчирсан

М.Нурбол: Тэтгэлэг надад боломжоос илүү хариуцлага авчирсан

М.Нурбол: Тэтгэлэг надад боломжоос илүү хариуцлага авчирсан

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн