Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д Монгол Улс бэлчээрийн тогтвортой менежмент, хамгаалал, нөхөн сэргээлтийг дэмжих, “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга”-ыг олон улсын түвшинд дэвшүүлж байгаа юм.
Өчигдөр энэхүү санаачилгаа дэлхийд болон салбарын удирдагчид, хөрөнгө оруулагчдын өмнө Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсын дэвшүүлж буй “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” бол байгальд суурилсан шийдэл болж чадах бөгөөд бэлчээрийн тогтвортой байдал нь зөвхөн байгаль орчинд төдийгүй нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлын салшгүй хэсэг хэмээн онцолж, бэлчээрийг хамгаалах асуудлыг зөвхөн нэг улсын бус, дэлхий нийтийн хамтын ажиллагааны хүрээнд авч үзэх шаардлагатай. Мөн мэдлэгийн менежмент, хөрөнгө оруулалт болон институци гэсэн гурван бүрэлдэхүүн хэсэгт тулгуурлана. Эдгээр нь бодлого, олон нийтийн дэмжлэгийг өргөжүүлэх, төр болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэнэ. Монгол Улс энэ санаачилгын хүрээнд улс орнууд, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн дэмжлэг, анхаарлыг бодит үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, үр дүнд чиглүүлэхийг зорьж байна. Ингэснээр нүүдлийн мал аж ахуй, өргөн уудам бэлчээрийн экосистемийг хамгаалах туршлагыг олон улсын түвшинд түгээн дэлгэрүүлэхийн зэрэгцээ дэлхийн олон орны бэлчээрийн доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулах боломж бүрдэж байна. COP17-ыг Монгол Улс зохион байгуулж буй нь бэлчээрийн асуудлыг дэлхийн бодлогын түвшинд гаргаж, малчдын амьжиргаа, экосистемийн тогтвортой байдлыг хамтад нь хамгаалах санаачилгыг бодит ажил болгох чухал боломж болж байна” гэв.
“Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” нь гурван үндсэн чиглэлд төвлөрөх аж. Нэгдүгээрт, мэдлэг, үнэлгээг нэмэгдүүлж, бэлчээрийн төлөв байдал, хамгаалал, нөхөн сэргээлтийн үр дүнг шинжлэх ухаанд үндэслэн хэмжих, улс орнууд нийтлэг арга зүй хэрэглэхэд чиглэнэ. Хоёрдугаарт, бэлчээрт чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Бэлчээрийг хамгаалах, нөхөн сэргээх нь экосистем, хүнсний тогтвортой байдал, усны нөөц болон малчдын амьжиргаанд өгөөжтэй стратегийн хөрөнгө оруулалт гэдгийг бодит үйл ажиллагаагаар харуулах зорилготой. Энэ хүрээнд төр, олон улсын санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн оролцоог өргөжүүлж, бэлчээрээ хамгаалж буй малчдад бодит дэмжлэг хүргэх тогтолцоог бий болгоход анхаарна. Гуравдугаарт, бэлчээрийн орнуудын хамтын ажиллагаа, манлайллыг бэхжүүлэх. Бэлчээрийн орнууд ижил төстэй сорилт, боломжтой тул олон улсын түвшинд илүү нэгдмэл дуу хоолой шаардлагатайг Монгол Улс онцолж байна.
Энэ хүрээнд Монгол Улс “Бэлчээрийн орнуудын ирээдүй” санаачилгыг мөн дэвшүүлж байгаа ажээ. Харин Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд гарч буй шийдвэрүүд болон бэлчээр, мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилээр бий болсон хамтын ажиллагааны суурийг үргэлжлүүлж, бэлчээрийн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, бэлчээрийн асуудлыг дэлхийн бодлого, санхүүжилтийн хэлэлцүүлэгт тогтвортой байлгах механизм болох юм. Тэрбээр илтгэлдээ Монгол Улс энэ чиглэлээр НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Нарийн бичгийн даргын газартай сүүлийн хоёр жилийн хугацаанд тогтмол хамтран ажиллаж ирсэн. Цаашид ч хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийлэв. Мөн “Бэлчээрээ сэргээе, малчдынхаа манлайллыг дэмжье, итгэл найдвараа бадраая, ирээдүйгээ, хамтдаа бадраая” хэмээн төлөөлөгчдийг дээрх санаачилгад нэгдэж, COP17-ын дараа хамтран урагшлахыг уриаллаа.
Харин НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад “Бэлчээрийн асуудлаар гарсан шийдвэр, амлалтуудыг бодит ажил хэрэг болгохын чухал юм. Олон улсын түвшинд гарсан шийдвэрүүд зөвхөн баримт бичиг болон үлдэх бус бодит үр дүн, хөрөнгө оруулалт, талбар дээрх үйл ажиллагаа болж хэрэгжих ёстой. Монгол Улсад эхэлж буй бэлчээрийн тэргүүлэх санаачилгыг энэ үйл явцын дараагийн чухал алхам хэмээн үзэж, малчид, нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн дуу хоолойг цаашдын бодлого, шийдвэрт тусгах шаардлагатай. Бэлчээрийг хамгаалах асуудал нь зөвхөн байгаль орчны асуудал биш, соёл, амьжиргаа, эдийн засаг, хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал юм. UNCCD ч бэлчээр нь дэлхийн хуурай газрын талаас илүү хувийг эзэлж, ойролцоогоор хоёр тэрбум хүний амьжиргааг дэмждэг ч доройтлын эрсдэл өндөр байна” гэв.
Энэхүү хэлэлцүүлэгт олон улсын Байгаль орчны салбарын удирдлага, малчид, нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо. Тэднээс Кенийн төлөөлөгч Малин Оле Каунга бэлчээрийг малчдаас салгаж ойлгох боломжгүйг онцолж, олон хүн энэ асуудлыг дурддаг ч малчид болон нутгийн иргэдийг орхилгүй, оролцоог хангах нь зүйтэйг хэлсэн байна.