Украины цохилтын улмаас газрын тос боловсруулах үйлдвэрлэлд  нь доголдол үүссэн ОХУ шатахууны экспортын хоригийг сунгаж,  импортоо эрс нэмэгдүүлэхэд хүрчээ

Улаанбаатар //. “Монгол орны цөлжилтийн үндэсний тайлан (атлас)”-ыг шинэчлэн боловсруулсныг Засгийн газрын хуралдаанд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир  танилцуулав. 

Монгол Улсын Засгийн газрын байгаль орчныг хамгаалах, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэх бодлого, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын хүрээнд хүлээсэн үүргийг хэрэгжүүлэх, Монгол орны цөлжилт, газрын доройтлын төлөв байдлыг шинжлэх ухааны үндэслэлтэй үнэлэх зорилготой юм. 

Манай орны цөлжилтийн анхны зураглалыг 1989 онд боловсруулснаас хойш үндэсний хэмжээний үнэлгээг үе шаттай хийж иржээ. Энэхүү шинэчилсэн атлас нь 1991-2025 оны мэдээлэлд тулгуурласан Монгол орны цөлжилт, газрын доройтлын зургаа дахь удаагийн үндэсний хэмжээний үнэлгээ болж байна. Шинэчилсэн үнэлгээг хиймэл дагуулын мэдээлэл, зайнаас тандан судлал, газар зүйн мэдээллийн систем, орон зайн шинжилгээний орчин үеийн арга технологид тулгуурлан боловсруулав.

Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээр ахлуулсан, ШУА болон салбарын эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн редакцын зөвлөл, ажлын хэсгийн 20 орчим гишүүнтэй баг 2025 оны 3 дугаар сараас эхлэн ажиллажээ.

Энэхүү атласын гол шинэчлэл нь өмнөх үнэлгээнд бүрэн тусгаагүй байсан усны хомсдол, биологийн олон янз байдлын доройтлын үзүүлэлтийг үнэлгээнд хамруулж, цөлжилтийн үр дагавар, хяналт, баталгаажуулалтын 12 сэдэвчилсэн зураглалыг шинээр боловсруулсан.

Үнэлгээнээс харахад Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө эрчимжиж, газрын доройтол, усны нөөцийн хомсдол, ургамлын бүрхэвчийн өөрчлөлт, бэлчээрийн ашиглалтын ачаалал нэмэгдсэн байна. Тухайлбал:

• Монгол орны жилийн дундаж агаарын температур 1941-2025 онд 2.5 хэмээр нэмэгдсэн

• Нийт нутаг дэвсгэрийн 53.5 хувьд гангийн эрчимжилт нэмэгдэх хандлага ажиглагдсан

• Газар нутгийн 54.8 хувь нь усны элэгдэлд, 34.3 хувь нь салхины элэгдэлд өртөх эрсдэлтэй

• Нийт нутаг дэвсгэрийн 93.3 хувьд хөрсний чийг буурах хандлага илэрсэн

• Ургамлын бүтээмж нийт газар нутгийн 22.3 хувьд буурсан байна.

Нийт үнэлгээний дүнгээр Монгол Улсын нутаг дэвсгэрийн 81.9 хувь нь ямар нэг хэмжээгээр цөлжилт, газрын доройтолд өртсөн байна. Үүнээс 0.9 хувь нь нэн хүчтэй, 6.2 хувь нь хүчтэй, 42.9 хувь нь дунд, 31.9 хувь нь сул зэрэглэлд хамрагдаж байгаа бол 18.1 хувьд доройтол илрээгүй.

Үүнийг 2020 оны тайлантай харьцуулахад цөлжилт, газрын доройтолд өртсөн газрын хэмжээ 5 хувиар нэмэгдсэн ч нэн хүчтэй, хүчтэй цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээ 16.2 хувиар буурсан байна. Судалгааны дүнгээс цөлжилт, газрын доройтол нь зөвхөн байгалийн хүчин зүйлээс бус, уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагааны хавсарсан нөлөөгөөр эрчимжиж байгааг харуулж байна.

Энэхүү эрдэм шинжилгээний бүтээл нь 2026 онд Монгол Улсад энэ сарын 17-28-нд зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр олон улсын түвшинд танилцуулах албан ёсны баримт бичгийн нэг болно. 

“Монгол орны цөлжилтийн үндэсний тайлан (атлас)”-ыг шинэчлэн боловсрууллаа

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн