Улаанбаатар, 2026 оны аравдугаар сарын 21 //.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын өдөрт
Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ыг 1945 онд Дэлхийн II дайны дараа энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, улс орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор байгуулсан бөгөөд өнөөдөр 193 гишүүн улстай дэлхийн гол олон улсын байгууллагуудын нэг юм.
НҮБ-ын хамгийн сонирхолтой онцлог нь улс орнууд Ерөнхий Ассамблейд тус бүр нэг саналтай боловч Аюулгүйн Зөвлөлийн АНУ, Орос, Хятад, Их Британи, Франц гэсэн таван байнгын гишүүн хориг тавих онцгой эрхтэй байдаг явдал юм. Энэ нь улс орнуудын эрх тэгш байдлын зарчим болон их гүрнүүдийн бодит эрх мэдлийн ялгааг харуулдаг.
Мөн НҮБ нь дэлхийн засгийн газар биш бөгөөд өөрийн гэсэн байнгын армитай байдаггүй. Энхийг сахиулах ажиллагаанд оролцдог цэрэг, цагдаа нарыг гишүүн орнууд илгээдэг. Тус байгууллагын шийдвэр хэрэгжих эсэх нь тухайн шийдвэрийн эрх зүйн шинж, гишүүн орнуудын хамтын ажиллагаа, улс төрийн нөхцөл байдлаас ихээхэн хамаардаг.
НҮБ-ын төв байр АНУ-ын Нью-Йорк хотод байрладаг бөгөөд олон улсын гэрээгээр зохицуулагддаг тусгай эрх зүйн статустай. Тус байгууллага араб, хятад, англи, франц, орос, испани гэсэн зургаан албан ёсны хэл ашигладаг. Харин НҮБ-ын далбаан дээрх дэлхийн газрын зураг, чидун мөчир нь дэлхий нийтийн хамтын ажиллагаа, энх тайвныг бэлгэддэг.
НҮБ анх 51 гишүүн улстай байгуулагдсан бол өнөөдөр 193 гишүүнтэй болж өргөжсөн нь колоничлолын төгсгөл, шинэ тусгаар улсууд бий болсон зэрэг дэлхийн улс төрийн өөрчлөлттэй холбоотой. Ийнхүү НҮБ нь олон улсын асуудлыг хэлэлцэх талбар төдийгүй жижиг, том улс орнуудын байр суурийг илэрхийлэх, дэлхийн энх тайван, аюулгүй байдалд хамтран хувь нэмэр оруулах чухал механизм юм.
Монгол Улс, НҮБ-ын харилцаа цаашид уламжлалт дипломат хамтын ажиллагаанаас илүү өргөн хүрээг хамарч, олон улсын аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашиг, хүний эрх, бүс нутгийн хамтын ажиллагаанд чиглэх төлөвтэй байна. Монгол Улс 1961 онд НҮБ-д элссэнээс хойш тус байгууллагыг үндэсний ашиг сонирхлоо олон улсын түвшинд илэрхийлэх, гадаад бодлогын бие даасан байдлаа бэхжүүлэх чухал түнш болгон ашиглаж ирсэн.
Харин сүүлийн үеийн санаачилга нь Монгол Улс зөвхөн олон улсын шийдвэрийг дэмжигч бус, тодорхой асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, хамтын шийдэл боловсруулахад илүү идэвхтэй оролцохыг зорьж байгааг харуулж байна. Харилцааны цаашдын хамгийн анхаарал татахуйц чиглэлийн нэг нь Монгол Улсын НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд байнгын бус гишүүнээр сонгогдох зорилго юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2026 оны есдүгээр сарын 23-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ “Монгол Улс 2048-2049 оны хугацаанд Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр ажиллахаар нэр дэвшүүлж буй”-гаа албан ёсоор зарласан.
Энэ зорилго нь ойрын хугацаанд хэрэгжих шийдвэр бус, урт хугацааны дипломат бэлтгэл шаардсан зорилт юм. Хэрэв ирээдүйд Монгол Улс сонгогдвол олон улсын энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх хэлэлцүүлэгт шууд оролцож, өөрийн байр суурийг илэрхийлэх боломж нэмэгдэнэ. Гэхдээ сонгогдох эсэх нь НҮБ-ын гишүүн орнуудын санал, дипломат харилцаа болон өрсөлдөөнөөс хамаарна.
Хоёр дахь чухал чиглэл бол энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оролцоог шинэ түвшинд хүргэх явдал юм. Монголын цэргийн алба хаагчид олон улсын ажиллагаанд оролцож, энгийн иргэдийг хамгаалах, хүмүүнлэгийн тусламж хүргэхэд дэмжлэг үзүүлэх туршлага хуримтлуулсан. 2026 оны наймдугаар сард НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээлэлд Монголын энхийг сахиулагчид Өмнөд Суданд үерийн гамшигт өртсөн иргэдийг хамгаалах, тусламж хүргэхэд оролцож байгааг онцолсон.
Цаашид Монгол Улс энхийг сахиулах ажиллагаанд зөвхөн цэрэг илгээхээс гадна эмэгтэй энхийг сахиулагчдын оролцоо, сургалт, мэргэжлийн чадавхыг хөгжүүлэхэд анхаарах төлөвтэй байна. Тухайлбал, Монгол Улс 2027 онд Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын II бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөснөө зарласан юм.
Гурав дахь чиглэл нь уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлын эсрэг олон улсын хамтын ажиллагаа юм. Монгол Улс 2026 оны наймдугаар сард Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын 17 дугаар чуулганыг (COP17) зохион байгуулсан. Энэ нь Монгол Улсад цөлжилт, бэлчээрийн доройтол, усны хомсдол зэрэг асуудлыг дэлхийн бодлогын түвшинд гаргаж, санхүүжилт, технологи, туршлага солилцооны боломжийг өргөжүүлэх чухал үйл явдал болсон.
Цаашдын гол асуудал нь олон улсын хурлын үеэр гаргасан амлалт, тохиролцоог бодит төсөл, хөрөнгө оруулалт, байгаль орчны үр дүн болгон хэрэгжүүлэхэд оршино. Энэ хүрээнд НҮБ-тай хамтран цөлжилтийг бууруулах, бэлчээрийн тогтвортой менежментийг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой.
Дөрөв дэх чиглэл нь далайд гарцгүй хөгжиж буй орнуудын эрх ашгийг хамгаалах дипломат ажиллагаа юм. Монгол Улс газар зүйн байршлын улмаас олон улсын зах зээлд хүрэхдээ бусад улсын нутаг дэвсгэр, тээврийн дэд бүтэц, дамжин өнгөрөх боомтуудаас хамааралтай байдаг. Иймээс тээвэр, логистикийн зардал, хил дамнасан худалдаа, транзит тээврийн зохицуулалт нь эдийн засгийн хөгжилд шууд нөлөөлдөг. НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2024 онд далайд гарцгүй хөгжиж буй орнуудын 2024-2034 оны хөгжлийг дэмжих Аваза үйл ажиллагааны хөтөлбөрийг баталсан бөгөөд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үндэсний төлөвлөгөө боловсруулах ажлыг Монгол Улс 2026 онд НҮБ болон бусад түнштэй хамтран хэлэлцсэн.
Цаашид Монгол Улс энэхүү хөтөлбөрийг ашиглан бүс нутгийн тээврийн холболтыг сайжруулах, худалдааг хөнгөвчлөх, эдийн засгаа төрөлжүүлэх, далайд гарцгүй бусад оронтой хамтын байр сууриа бэхжүүлэхэд анхаарах боломжтой.
Тав дахь чиглэл нь хүний эрх, засаглал, нийгмийн хөгжлийн салбар дахь хамтын ажиллагаа юм. НҮБ Монгол Улсад хүний хөгжил, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, хууль дээдлэх ёс, хүний эрхийн чиглэлээр дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд 2023-2027 оны Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ нь эдгээр чиглэлийг үндэсний хөгжлийн бодлоготой уялдуулдаг.
2026 оны аравдугаар сарын эхээр Монголын төлөөлөгчид НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Гуравдугаар хороонд хүний эрх, хүртээмжтэй нийгмийн хөгжлийн чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаар байр сууриа илэрхийлсэн. Мөн НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын 2026 оны тавдугаар сарын айлчлалын үеэр Улаанбаатар хотод хүний эрхийн бүсийн сургалт, судалгааны төв байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар болсон тухай Монголын төлөөлөгчийн газар мэдээлсэн.
Хэрэв энэ санаачилга бодит ажил хэрэг болбол Монгол Улс бүс нутгийн хүний эрхийн мэдлэг, мэргэжлийн сургалт, судалгааны хамтын ажиллагаанд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэх боломжтой.
Зургаа дахь чиглэл нь Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус, бүс нутгийн аюулгүй байдлын бодлогыг бэхжүүлэх асуудал юм. Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байх байр сууриа олон улсын түвшинд тууштай илэрхийлж, энэ статусыг олон улсын аюулгүй байдлын бодлоготой уялдуулахыг зорьж ирсэн. НҮБ-ын Ерөнхий Ассамблей энэ асуудлыг тогтмол хэлэлцэж, 2024 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статустай холбоотой тогтоолыг санал хураалтгүйгээр баталсан.
Цаашид Монгол Улс цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах, бүс нутгийн итгэлцлийг нэмэгдүүлэх чиглэлээр НҮБ болон бусад олон талт механизмыг ашиглах боломжтой. Ялангуяа Зүүн хойд Азийн аюулгүй байдлын яриа хэлэлцээг өргөжүүлэх нь Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого, олон талт дипломат ажиллагаатай уялдах чухал чиглэл хэвээр байна.
Эдгээр чиг хандлагаас харахад Монгол Улс, НҮБ-ын харилцааны ирээдүйг зөвхөн төсөл, хөтөлбөрийн тоо эсвэл санхүүгийн тусламжаар хэмжих боломжгүй юм. Харин Монгол Улс олон улсын асуудлаар санаачилга гаргах, бусад улстай хамтын байр суурь бий болгох, дипломат нөлөөгөө өргөжүүлэх, олон улсын амлалтыг дотоодын бодит үр дүн болгох чадвараар нь үнэлэх шаардлагатай.
2048-2049 оны Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнчлэлийн зорилт, 2027 онд зохион байгуулахаар төлөвлөсөн эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын бага хурал, Аваза хөтөлбөрийн хэрэгжилт, уур амьсгалын асуудлаарх хамтын ажиллагаа нь энэ чиглэлийн бодит жишээ юм.
Ирэх жилүүдэд Монгол Улсын өмнө тулгарах гол сорилт нь олон улсын тавцанд дэвшүүлсэн санаачилгаа тогтвортой санхүүжилт, мэргэшсэн хүний нөөц, бүс нутгийн түншлэл, дотоодын бодлогын хэрэгжилттэй холбох явдал байх болно. Хэрэв эдгээрийг үр дүнтэй уялдуулж чадвал НҮБ Монгол Улсын хувьд зөвхөн олон улсын байгууллага бус, үндэсний ашиг сонирхлоо хамгаалах, дэлхийн асуудалд хувь нэмэр оруулах, жижиг улсын гадаад бодлогын бие даасан байдлыг бодитоор хэрэгжүүлэх стратегийн чухал түнш хэвээр байх боломжтой.
ОУСХ-ийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын ЭША Э.Элбэрэл

НҮБ-ын өдөрт зориулсан нийтлэл сонирхолтой. Монгол Улсын оролцоо нэмэгдэх нь чухал.
Mongolia aiming for a non-permanent seat on the UN Security Council in 2048-2049 shows growing ambition on the global stage.
Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн хориг тавих эрх нь жижиг улсуудад хэрхэн нөлөөлдөг вэ?
Монгол Улс 1961 онд НҮБ-д элссэн. Одоо илүү идэвхтэй оролцох зорилготой нь сайн.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2048-2049 онд нэр дэвшихээ зарласан. Энэ урт хугацааны бэлтгэл шаардана.
НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монгол оролцож ирсэн. Цаашид бодлого тодорхойлоход оролцох нь зөв.
The UN has 193 member states and no permanent army. Interesting facts about how it operates.
Дэлхийн II дайны дараа байгуулагдсан НҮБ өнөөдөр 193 гишүүнтэй. Монголын хувьд чухал түнш.
Аюулгүйн Зөвлөлд байнгын бус гишүүнээр сонгогдох зорилго нь дипломат бэлтгэл шаардсан том алхам.
НҮБ-ын төв байр Нью-Йоркт байдаг. Монгол улс тэнд өөрийн дуу хоолойг илэрхийлж чадвал сайн.
Уур амьсгалын өөрчлөлт, далайд гарцгүй орнуудын эрх ашиг зэрэг асуудалд Монгол илүү идэвхтэй оролцох ёстой.
Энхийг сахиулах ажиллагаанаас бодлого тодорхойлох оролцоо руу шилжих нь зөв чиглэл.
НҮБ-ын зургаан албан ёсны хэлний дунд монгол хэл байхгүй ч бид оролцож чадна.
Монголия стремится к более активной роли в ООН, включая возможное членство в Совете Безопасности.
Хүний эрх, бүс нутгийн хамтын ажиллагаанд чиглэх төлөвтэй гэж байна. Сайн.
НҮБ-ын шийдвэр хэрэгжих эсэх нь гишүүн орнуудын хамтын ажиллагаанаас хамаардаг. Монгол ямар байр суурьтай вэ?
Далбаан дээрх чидун мөчир энх тайвныг бэлгэддэг. Монгол ч энэ зарчмыг баримталдаг.
Монгол Улсын НҮБ-тэй харилцаа цаашид өргөжих төлөвтэй. Сонирхолтой нийтлэл.