Монгол Улсын Гадаад харилцааны яам болон ХБНГУ-ын Холбооны Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо энэ сарын 3-нд боллоо.
Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийн талаар дэлгэрэнгүй санал солилцож, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцааг улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, технологи болон консулын харилцааны чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар хэлэлцэв.
Энэ хүрээнд талууд хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж буй бизнес форум, соёл, урлагийн тоглолт, шинжлэх ухааны өдөрлөг зэрэг арга хэмжээний бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. Мөн “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн 10 дугаар хуралдааныг ойрын хугацаанд зохион байгуулах, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр үргэлжлүүлэн хамтарч ажиллахаа талууд илэрхийлэв.
Монгол Улсын Засгийн газраас ХБНГУ-ын Франкфурт ам Майн хотод Ерөнхий консулын газар нээх шийдвэр гаргасан нь хоёр улсын иргэд хоорондын харилцаа холбоо, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, консулын үйлчилгээний хүртээмжийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг талууд онцлов. Түүнчлэн талууд НҮБ болон олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлэхээ нотлов. Улаанбаатар хотноо болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд Холбооны Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллагын 30 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж, бага хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болсныг тэмдэглэв.
Холбооны ГХЯ-ны Зүүн Ази, Зүүн Өмнөд Ази, Номхон Далайн асуудал эрхэлсэн комиссар Ё.Бертеле Монгол Улсад ажиллах үеэрээ Монгол, Германы Боловсрол, соёл, шинжлэх ухааны зөвлөлдөх уулзалтыг мөн тэргүүлэх бөгөөд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хуралд оролцоно.
Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас ГХЯ-ны Европ, Африкийн газрын захирал Г.Баттунгалаг, германы талаас Холбооны ГХЯ-ны Зүүн Ази, Зүүн Өмнөд Ази, Номхон Далайн асуудал эрхэлсэн комиссар Ё.Бертеле нар тэргүүлэн оролцов гэж ГХЯ-наас мэдээллээ.