Монголын үндэсний бөхийн холбоо өнгөрсөн амралтын өдрүүдэд 2026-2027 оны улирлын намрын нээлтийн барилдааныг зохион байгуулж, энэ жилийг “Ёс зүй, хариуцлагын жил” болгон зарлалаа.
Бямба гарагт улс, аймгийн цолтнуудын нээлт болсон бол ням гарагт сумын цолтнуудын барилдааныг нээжээ. Нээлтийн үеэр холбооны тэргүүн Ц.Магалжав бөхчүүдэд хандаж, ёс зүйг эрхэмлэхийг захисан байна.
Тэрбээр үндэсний бөхийг үе дамжсан өв гэж тодорхойлж, спортын болон нийгмийн салбарын судлаачдын дүгнэлтийг дурдав. Одоогоос 150–200 жилийн өмнө байсан зарим тоглоом, наадгайг спортын төрөлд тооцвол өнөөдөр тэдгээрээс 50 гаруй нь устаж үгүй болсон гэж үзсэн байна. Үндэстэн, ястан, овог аймаг мөхөхөд дагаж устасан нь 35 хувь, өөр улсын эрхшээлд орж устасан нь 27 хувь, хөрш болон колоничлогдсон үндэстний соёлд уусч, саармагжсанаас хөгжих боломжгүй болсон нь 16 хувь, нийгмийн хөгжил буюу цаг үетэйгээ уялдаагүйгээс 22 хувь нь түүх болон үлдсэн гэж тэрбээр хэлжээ.
Ц.Магалжав сум, аймаг, дүүрэг, улсын баяр наадамд бөхчүүд хэрхэн барилдаж байгаад анхаарах цаг болсныг онцолсон. Сумын болон зарим аймгийн наадам үзэгчгүй болж байгааг бүх шатанд мэдэж байгааг дурдаад, энэ байдал улсын баяр наадамд хавтгайрах, сум, аймгийн наадмыг үймүүлэх явдлыг таслан зогсоох шаардлагатай гэжээ. Үндэсний бөх үзэгч олон түмний хүсэл сонирхолд нийцэх ёстойг хэлсэн байна.
Тэрбээр хууль, эрх зүйн шинэчлэл зайлшгүй шаардлагатайг дурдаж, өнөөдрийн хамгийн тулгамдсан асуудал бөхчүүдийн ёс зүй гэж үзэв. Иймээс энэ жилийг “Ёс зүйг эрхэмлэх жил” болгон зарлаж, бөхчүүд ёс зүйн зөрчлөөс гадна найраа, будилаанд оролцохгүй байх эрх зүйн өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Холбоо өмнө нь 2022–2023 оныг үндэсний бөхийг түгээн дэлгэрүүлэх жил, 2023–2024 оныг шударга өрсөлдөөнийг эрхэмлэх жил, 2024–2025 оныг бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил, 2025–2026 оныг соён гэгээрэл ба бөхчүүдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх жил болгон зарлаж байсан юм.
