АНУ-ынНью-Мексико муж улсын шүүхээс Meta компанийг 567 сая ам.доллароор торгох, залуу хэрэглэгчдэд зориулсан платформынхоо функцийг өөрчлөхийг шаардсан шийдвэр гаргажээ. Тус компанийн буруугаас үүдэн, хүүхдүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд хохирол учирсан гэж шүүх үзсэн байна.
Санта-Фе хотын шүүгч Брайан Бидшейд “тус компани Нью-Мексико муж улсын олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” хэмээн тогтоосноор ерөнхий прокурор Рауль Торрезийн талд шийдвэр гаргав. Мета компани нь бүтээгдэхүүнээ залуу хэрэглэгчдийг донтуулах хэмжээнд хүргэж зохион бүтээсэн, мөн платформ дээрээ хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгт өртөхөөс хамгаалах үүргээ биелүүлээгүй гэж буруутгажээ.
Метад торгууль ногдуулах шийдвэрийн дагуу өсвөр насныхны Facebook, Instagram ашиглалтад сар бүр хязгаарлалт тогтоох, мэдэгдлийг хязгаарлах, насанд хүрэгчид ба бага насныхны хоорондоо харилцах үеийн хяналтыг чангатгах, хиймэл оюуны чатботуудаас хамгаалах, хүүхдийн бэлгийн мөлжлөгийн талаарх мэдээллийг шалгах аргачлалаа сайжруулах зэрэг аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон арга хэмжээ авахыг үүрэг болгосон байна.
Meta компани энэхүү шийдвэрийг давж заалдахаа мэдэгдсэн бөгөөд хор хөнөөлтэй, аюултай контентуудыг платформоосоо илрүүлэн устгахаар ажилласаар байгаагаа мэдэгдэв.
“Өсвөр насныхныг онлайн сүлжээнд байх үед нь хөтөлж буй бүртгэл мэдээлэлдээ бид бүрэн итгэлтэй байдаг тул бодит байдлыг гажуудуулсан нэхэмжлэлүүдийг няцааж, өөрсдийгөө хамгаалах болно” гэж тус компани мэдэгдлээ.